УИХ-ын нэр бүхий 17 гишүүн нийлж, Ажлын хэсэг байгуулан 2024 оны улсын төсөвт 212 төслийг гэнэдүүлж оруулсан талаар бид өмнө нь мэдээлж байв.
LIVE:
Дээрх 17 гишүүний дунд Баянзүрх дүүргээс сонгогдсон Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар байсан бөгөөд тэд нийлж, Мянган оюутны байрны замын эсрэг талд аль 10 жилийн өмнө худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж эхлээд дутуу орхигдсон барилгыг дүүргийн эмнэлгийн барилгаар худалдан авах хуйвалдааныг хийсэн байж болзошгүй байдаг. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байрлах "Баянтэгш импекс" ХХК-ийн барьсан зургаан давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 40 тэрбум төгрөгөөр улсад худалдан авахаар 2024 оны төсөвт суулгасан бөгөөд үүнийхээ эхний санхүүжилт болох 15 тэрбумыг 2025 оны төсөвт суулгасан юм. Тэгвэл тус барилгыг худалдаж авсныхаа дараа эмнэлгийн зориулалттай болгохын тулд 5 тэрбумаар засвар хийнэ гэдгийг тэрбээр хэллээ.
Тодруулбал тэрбээр бидэнд өгсөн тодруулгадаа, "Баянзүрх дүүрэгт улсын чанартай эмнэлэг байхгүй. Энэ утгаараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн газраас судалгаа явуулж, судалгааны дүнг бидний таван гишүүнд танилцуулсан. Тэд "Манай дүүрэгт 8000 мкв-тай үйлчилгээний зориулалттай барилга байна. Энэ барилгыг эмнэлгийн зориулалттай болгон засч янзлахад 40 тэрбумд багтах нь. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд эмнэлэгтэй болох боломжтой" гэсэн тооцооллыг бидэнд танилцуулсан. Байршлын хувьд ч гэр хороололтой ойр боломжийн санагдсан. Ийм сайхан санал гарч байхад дэмжилгүй яах вэ. Энэ утгаараа дэмжиж саналаа төсөвт тусгасан" гэсэн юм.
Тус барилгыг “Баянтэгш импекс” ХХК-ийн эзэн “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн П.Мэндсайхан барьсан байдаг. Хамгийн ноцтой нь татвар төлөгчдийн мөнгөөр аливаа бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж худалдан авах тохиолдолд заавал тендер сонгон шалгаруулалт зарлах учиртай. Гэтэл Ж.Чинбүрэн нар нь барилгаа урьдчилж бэлдээд түүнийгээ худалдан авахаар төсөв батлуулсан.
Мөн тус барилгад тааруулж тендер, сонгон шалгаруулалтыг зарласан байх магадлалтай. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлахдаа “Эмнэлгийн барилга нь төв засмал замаас 100-200 метрээс ихгүй радиуст байрласан байх, барилгын ажил 70 хувиас багагүй гүйцэтгэлтэй байж үл хөдлөхийн гэрчилгээ хэсэгчлэн болон бүрэн гарсан, өмнө нь ямарваа нэгэн хэлбэрээр огт ашиглаж байгаагүй шинэ барилга байх, таазны өндөр 4-4.5 метр байх ба эмнэлгийн зориулалттай зээл хэлбэртэй байна. Мөн эмнэлгийн байр нь нэг дор байрлалтай зургаан давхраас дээшгүй 3360 мкв-аас доошгүй хэмжээтэй, гаднаа автомашины зогсоолтой, өмнө нь ямарваа нэг байдлаар ашиглаж байгаагүй, шилэн гоёмсог фасадтай байна” гэсэн шаардлагыг тавьсан. Ж.Чинбүрэн нарын авах гэж буй тус барилга нь засмал замаас 100-200 метрээс ихгүй радиуст байрлаж, шилэн гоёмсог фасад зэрэгтэй байгаа юм.