Х.Тэмүүжин: Компани байгуулж, бизнес эрхлэх чинь сайн дураараа эд хөрөнгөө дээрэмдүүлэх үйл ажиллагаа болж хувирах нь

Х.Тэмүүжин: Компани байгуулж, бизнес эрхлэх чинь сайн дураараа эд хөрөнгөө дээрэмдүүлэх үйл ажиллагаа болж хувирах нь

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.15/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Цөмийн энергийн тухай хуулийг дагуулаад Засгийн газар өөр хууль хавчуулаад оруулж ирж байна. Хуулийн этгээд, компанийн хуультай холбоотой асуудал чинь Хуульзүйн байнгын хорооны үндсэн асуудал. Гэтэл Хуульзүйн байнгын хороо огт хуралдаагүй, энэ тухай огт мэдээгүй. Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдлын байнгын хороонд орж ирсэн асуудал нь юу байна гэхээр, анх удаа компанийн хуулийн суурь зарчим, энгийн хувьцааг өөрчлөх тухай орж ирж байна. Энэ бол компанийн тухай хуулиар хориотой.

Яагаад хорьж өгч байгаа вэ гэхээр хэрвээ энгийн хувьцааны ард байгаа санхүүгийн хариуцлага гэх мэт олон ойлголтыг хувьцааных нь төрлийг өөрчлөөд шийдчихдэг бол компани тэр чигээрээ залилангийн гэмт хэрэг болно. Компани байгуулж, бизнес эрхлэх чинь зүгээр л хэн нэгэнд  сайн дураараа эд хөрөнгөө дээрэмдүүлэх, тонуулах үйл ажиллагаа болж хувирна. Ийм ноцтой асуудлыг хуульзүйн байнгын хороо мэдэхгүй, Хууль зүйн яам нь мэдэхгүй, Засгийн газар өөр хуулийг дагуулаад хавчуулаад оруулаад ирж байна. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдлын жишээ. Зорилготойгоор Цөмийн энергийн хууль гэдгээ тодотгож өгье. Тэгэхгүй бол тулгуур зарчим нь эвдэгдээд компанийн хууль монголд байх утгагүй болно гэсэн үг" гэлээ.