Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал унаж, 5 хувиар тогтоох санал хэвээр үлдлээ

Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал унаж, 5 хувиар тогтоох санал хэвээр үлдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм. Мөн өнөөдөр уг хуультай холбогдуулан гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

Уг хуулийн төсөлд ураны суурь АМНАТ-ийг 5 хувиар тогтоохоор оруулж ирсэн. Харин өнгөрсөн долоо хонгийн Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байдаг. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар суурь АМНАТ-ийг 9 хувь болгох саналыг дэмжээгүй бөгөөд суурь АМНАТ-ийг 9 хувь болговол ураны төсөл цааш явах боломжгүй болно гэх байр суурийг зарим гишүүд илэрхийлсэн. 

Улмаар өчигдөр болсон АБГББХ-ны хурлын үеэр АМНАТ-ийг 9 хувь болгохоор Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг "дэмжихгүй" гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэн. Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар уг саналыг дэмжихгүйг дэмжинэ гэсэн агуулгаар санал хурааж, олонх дэмжлээ. Ингэснээр АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэнгийн санал унаж, 5 хувь хэвээр үлдлээ.