Б.Жаргалан: Төсвийн хэлэлцүүлэг хариуцлагагүй явагдсан тул "Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой" гэж АН-ын бүлэг үзэж байна

Б.Жаргалан: Төсвийн хэлэлцүүлэг хариуцлагагүй явагдсан тул "Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой" гэж АН-ын бүлэг үзэж байна

УИХ-ын АН-ын бүлэг өнөөдөр /2024.11.11/ хуралдаж, хэлэлцсэн асуудлуудыг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу нар танилцууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан, “Засгийн газраас маш их тэлэлттэй төсөв өргөн барьж, Төсвийн тогтвортой байдалд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудаар замыг нь зассан гэж хэлж болно. Хамгийн гол нь УИХ-ын онцгой бүрэн эрх буюу төсөв батлах эрх хангалттай хэрэгжсэнгүй. Учир нь Монгол Улсын түүхэнд анх удаа УИХ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийг тэр чигт нь баталчихлаа.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Дэгийн тухай хуультай холбоотой олон алдаа дутагдлууд гарсан. Жишээ нь шинэ дэгээр бол зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороонд хоёр хоногийн өмнө өгсөн байх, гишүүдийн үг хэлэх процес зэрэгт асуудал гарч байсан. Улмаар өнгөрсөн баасан гарагт улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төхөөрөмжөөр бус гар өргөж, санал хураалаа. Ийнхүү төсвийн хэлэлцүүлэг туйлын хариуцлагагүй байдлаар явагдсан гэдэг утгаар нь төсвийн байнгын хорооны дарга бөгөөд төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажилласан Ц.Даваасүрэн улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэсэн саналыг АН-ын бүлэг гаргалаа. Мөн төсвийн тодотголтой холбоотой АН-ын ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо" гэв.