БАРИМТ: Хөгжлийн банк өөрийн мэдэлд байгаа IV эмнэлгийг ашиглахгүй хав дарах хооронд Ж.Чинбүрэн улсын төсөвт "гэнэдүүлж" оруулсан барилгадаа 15 тэрбумыг суулгуулжээ

БАРИМТ: Хөгжлийн банк өөрийн мэдэлд байгаа IV эмнэлгийг ашиглахгүй хав дарах хооронд Ж.Чинбүрэн улсын төсөвт "гэнэдүүлж" оруулсан барилгадаа 15 тэрбумыг суулгуулжээ

УИХ-ын нэр бүхий 17 гишүүн нийлж, Ажлын хэсэг байгуулан 2024 оны улсын төсөвт 212 төслийг гэнэдүүлж оруулсан талаар бид өмнө нь мэдээлж байв.

-ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ БАРИЛГЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШНААС ХЭТ ӨНДӨР БУЮУ 1МКВ-ЫГ НЬ 12 САЯ ТӨГРӨГӨӨР НИЙТ 40 ТЭРБУМААР ХУДАЛДАН АВЧ БАЯНЗҮРХИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОНО-

Дээрх 17 гишүүний дунд Баянзүрх дүүргээс сонгогдсон Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар байсан бөгөөд тэд нийлж, Мянган оюутны байрны замын эсрэг талд аль 10 жилийн өмнө худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж эхлээд дутуу орхигдсон барилгыг дүүргийн эмнэлгийн барилгаар худалдан авах хуйвалдааныг хийсэн байж болзошгүй байдаг. Тэдний энэ үйлдлийг эмнэлэггүй шаналж буй иргэдийн хүсэл зорилго гэхээс илүү өөрсдийнх нь ашиг сонирхол гэж хардаж болно. 

Учир нь, нэгдүгээрт тус барилга үнийн хувьд хэт өндөр. Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байрлах "Баянтэгш импекс" ХХК-ийн зургаан давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 1 мкв-ыг нь 12 сая орчим төгрөг буюу нийт 40 тэрбум төгрөгөөр улсад худалдан авахаар 2024 оны төсөвт суулгасан. Гэтэл өнөөдөр 1 мкв барилгын дундаж үнэ 5 сая төгрөг байна. Тус барилгыг барьсан “Баянтэгш импекс” ХХК-ийн  эзэн нь “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн П.Мэндсайхан гэгч бөгөөд Ж.Чинбүрэнгээр дамжуулан улсад шахаж байж магадгүй түүний барилга нь хууль зөрчиж, зөвшөөрөлгүй баригдаж байсан бөгөөд өдгөө улсын комисс хүлээж аваагүй, барилгын сууринаас ус ихээр гардаг гэх мэдээлэл байгаа юм. 

Хамгийн ноцтой нь татвар төлөгчдийн мөнгөөр аливаа бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж худалдан авах тохиолдолд заавал тендер сонгон шалгаруулалт зарлах учиртай. Гэтэл Ж.Чинбүрэн нар нь барилгаа урьдчилж бэлдээд түүнийгээ худалдан авахаар төсөв батлуулсан.

Мөн тус барилгад тааруулж тендер, сонгон шалгаруулалтыг зарласан байх магадлалтай. Тухайлбал,  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлахдаа “Эмнэлгийн барилга нь төв засмал замаас 100-200 метрээс ихгүй радиуст байрласан байх, барилгын ажил 70 хувиас багагүй гүйцэтгэлтэй байж үл хөдлөхийн гэрчилгээ хэсэгчлэн болон бүрэн гарсан өмнө ямарваа нэгэн хэлбэрээр огт ашиглаж байгаагүй шинэ барилга байх, таазны өндөр 4-4.5 метр байх ба эмнэлгийн зориулалттай зээл хэлбэртэй байна. Мөн эмнэлгийн байр нь нэг дор байрлалтай зургаан давхраас дээшгүй 3360 мкв-аас доошгүй хэмжээтэй, гаднаа автомашины зогсоолтой, өмнө нь ямарваа нэг байдлаар ашиглаж байгаагүй, шилэн гоёмсог фасадтай байна” гэсэн шаардлагыг тавьсан. Ж.Чинбүрэн нарын авах гэж буй тус барилга нь засмал замаас 100-200 метрээс ихгүй радиуст байрлаж, шилэн гоёмсог фасад зэрэгтэй байгаа юм.

-ДЭЭРХ 40 ТЭРБУМЫНХАА ЭХНИЙ 15 ТЭРБУМЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВ СУУЛГУУЛЖЭЭ. ИРГЭД ЭМНЭЛЭГГҮЙ, ЭРХ БАРИГЧИД ИЙНХҮҮ АШИГ ХОНЖОО ХАЙЖ БАЙХАД ХӨГЖЛИЙН БАНК ӨӨРИЙН МЭДЭЛД БАЙХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ ЯАГААД ЭРГЭЛТЭД ОРУУЛАХГҮЙ БАЙГАА НЬ АНХААРАЛ ТАТНА  -

Үүнээс хойш өнгөрсөн наймдугаар сард тус эмнэлгийн барилгын худалдан авах тендерийн ажлын даалгаврыг өөрчилж, дахин зарласан бөгөөд Ж.Чинбүрэн нар нь 2024 оны төсөвт суулгуулсан 40 тэрбумынхаа эхний 15 тэрбумыг ирэх онд багтаан гаргуулахаар 2025 онд төсөвт багтаажээ.

Баянзүрх дүүргийн эмнэлэг нь аль 1998 онд бүрэн хувьчлагдсан, төрийн үйлчилгээг гэрээгээр үзүүлэгч хувийн хэвшлийн байгууллага юм. Барилга нь социализмын үед баригдсан учир агаар солилцоогүй, дулаан алдалттай гэх мэт асуудал их. Үүнээс үүдэнд ханиадаа эмчлүүлсэн хүүхэд өөр өрөөнөөс гэдэсний халдвар аваад гарах тохиолдол их байдаг талаар мэргэжлийнхэн хэлдэг. Өнөөдөр л гэхэд хүүхдийн өвчлөл ихсэж, ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор тус эмнэлгийн насанд хүрэгчдийн тасагт хүүхдийг эмчилж байгаа аж. Өвдөж, шаналсан баянзүрхчүүд энэ мэт хүндрэлтэй олон жил нүүр тулж байгаа.

Гэхдээ үүнийг далимдуулан худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг зах зээлийн ханшаас хэд дахин өндөр үнээр шахаж буйг хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Учир нь тус барилгыг худалдан авах 40 тэрбум нь татвар төлөгчдийн мөнгө.

Үнэхээр баянзүрхчүүдийг эмнэлэгтэй болгохыг хүсч буй бол ялгаагүй тус дүүрэгт бүр Хавдар судлалын үндэсний төвийн яг дэргэд хаяа залгуулах, 2019 онд ашиглалтад орсон, 120 ортой, өдөрт 500, сардаа 15000 иргэнд амбулаториор үйлчлэх хүчин чадалтай, 10.452 м.кв талбайтай хувийн хэвшлийн барьж ашиглалтад оруулсан эмнэлгийг Хөгжлийн банк барьцаандаа хадгалж байж, яагаад эргэлтэд оруулахгүй, ашиглахгүй байна вэ. 

Тодруулбал, “Энэр мед” ХХК нь 2017 онд барилга 60-70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь Хөгжлийн банкнаас 15 сая доллар буюу тухайн үеийн ханшаар 36 тэрбум төгрөгийн зээл авч тус эмнэлгийг ашиглалтад оруулсан байдаг. Улмаар зээлээ төлж чадаагүйн улмаас Хөгжлийн банкны барьцаанд тус эмнэлгийн барилгаа өгсөн.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус эмнэлгийн барилгыг дуудлага худалдаагаар оруулах албан мэдэгдлийг гаргасан бөгөөд Хөгжлийн банк хөдөлж өгөхгүй байгаа гэх мэдээллийг тус эмнэлгийн барилгыг барьсан УИХ-ын гишүүн М.Билэгт өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Хөгжлийн банк нь бэлээхэн өөрийн мэдэлд очсон тус эмнэлгийн барилгаа яагаад дуудлага худалдаагаар зарж, борлуулахгүй цаг алдаад байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. 

-2019 ОНД АШИГЛАЛТАД ОРСОН ЭМНЭЛЭГ НЬ Ж.ЧИНБҮРЭН НАРЫН АВАХ ГЭЖ БУЙ ЭМНЭЛГЭЭС ДАРУЙ 30 ГАРУЙ ХУВИАР ХЯМД АЖ-

2025 онд Сувилахуй сургалт, судалгааны төвийн барилгын 13 тэрбум төгрөгийн эхний ээлжийн 4,6 тэрбумыг, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн 139 тэрбумын эхний ээлжийн 31,9 тэрбумыг, Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилгын 5,5 тэрбумын эхний ээлжийн 980 сая, Вакцины хяналтын лабораторийн барилгын 9,3 тэрбумын эхний ээлжийн 6,7 тэрбум, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их засвар 24 тэрбумын эхний ээлжийн 9,9 тэрбум зэрэг олон барилга, засварын хөрөнгийг улсын төсөвт суулгажээ. Харин Ж.Чинбүрэн нарын авах гэж буй барилгыг ирэх онд цаашлаад 2026 онд улс бүтэн өөртөө авч мэдэхээр байна. Гэтэл түүнээс даруй 30 хувиар хямд зориулалтын эмнэлгийн барилга байхад Хөгжлийн банк хав дарж, ашиглахгүй байгаа нь хэний эрх ашиг вэ.