Н.Номтойбаяр: 2025 оны төсөвт хямрал үүсвэл, Засгийн газар УИХ-д итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оруулж ирэх ёстой

Н.Номтойбаяр: 2025 оны төсөвт хямрал үүсвэл, Засгийн газар УИХ-д итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оруулж ирэх ёстой

Монгол Улсын 2025 оны улсын төсвийг УИХ хэлэлцэж байгаа билээ. Энэ талаар өнөөдөр /2024.11.08/ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр,  "Өнөөдөр хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа Ардын нам, Ардчилсан нам, Хүн нам мөрийн хөтөлбөр дээрээ  суурилсан итгэлцлийн гэрээг иргэд сонгогчидтой байгуулчихаад үүнээсээ ухарсан. Залилан хийсэн. Эдгээр намын дарга нар ард түмнээс уучлалт гуйгаагүй байхад УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин уучлалт гуйх ёсгүй. Төсөвтэй холбоотой олон асуудал байна. Энэ бүх эсэргүүцэл нь ямар нэг хувийн ашиг сонирхолгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид төсвөөс 4 их наяд төгрөгийг хас гэдэг шаардлага тавьсан. Одоо Засгийн газраас оруулж ирсэн 2025 оны төсвийг УИХ-ын гишүүд  өөрчлөлт оруулахгүйгээр тэр чигт нь баталж явуулах улстөрийн шийдвэр гарчихаад байна. 

Хэрэв 2025 оны төсөв хямралт байдлыг үүсгэвэл, энэ Засгийн газар УИХ-д итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оруулж ирэх ёстой. Тодотгол хийнэ гэж төсөв оруулж ирдэггүй. Тодотгол хийхгүй гэж төсөв оруулж ирдэг. Хэрэв үнэхээр 13 нэр бүхий гишүүдийн илэрхийлээд байгаа байр суурь үнэн болоод тодотгол хийх зайлшгүй шаардлага ирэх онд үүсэх бол тодотгол хийхээс өмнө энэ Засгийн газрыг бүрдүүлж байгаа улстөрийн намуудын нэгдэл бүхий хамтарсан Засгийн газрын гэрээгээ хүчингүй болгоод Засгийн газар өөрсдөө огцроод дараагийн Засгийн газар тодотгол хийж, хуудуутай асуудлуудыг зөв болгож оруулж ирэх асуудлыг хөндөх ёстой. 

Хэрэв улстөрийн зөвшилцөл явахгүй бол ирэх 7 хоногт хууль эрхзүйн хүрээнд ганц гаргалгаа нь юу вэ гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт хориг тавьж, аливаа зүй зохисгүй хулгайн эх үүсвэр байх, залилангийн шинж чанартай улсын төсвийг зөв болгох ийм боломж байгаа" гэсэн юм.