А.Тэмүүжин: Хүмүүс намайг үхсэн гэж бодож байсан. Харин одоо би зорилготой, мөрөөдөлтэй болсон /ВИДЕО/

А.Тэмүүжин: Хүмүүс намайг үхсэн гэж бодож байсан. Харин одоо би зорилготой, мөрөөдөлтэй болсон /ВИДЕО/

Амарсанаагийн Тэмүүжин одоогоос зургаан жилийн өмнө тархины харвалтад өртөж, 28 хоног ухаангүй хэвтэж үхэл амьдралын зааг дээр өдөр хоногийг өнгөрөөж байсан ч өнөөдөр тэр эрүүл саруул, хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдрах болжээ. Иймд бид иргэд, олон нийтэд урам зориг өгөх үүднээс А.Тэмүүжинтэй ярилцлаа.

ВИДЕО:

А.Тэмүүжин бусдын адил алхаж гишгэж, ярьж, өөрөө хоолоо идэж, өөрөө хувцасаа өмсдөг болохын тулд тэр дөрвөн жил тэмцэж, тэвчиж, хөдөлмөрлөж, хөлс хүчээ урсгасан. Хоёр нүднээс нь бусад эрхтэн нь ямар ч мэдээгүй болчихсон, шүлсээ ч хаяж чадахгүй байсан үе түүнд бий. Тэр энэ үеэ дурсахдаа “Тэр үед гэр бүлийнхэн минь шантарч, найз нөхөд минь намайг үхсэн гэж бодож байсан. Би усанд хаясан чулуу шиг гэртээ л хэвтэж байдаг байлаа” хэмээн дурссан юм. Түүнээс “Амьдрал гэж чиний хувьд юу вэ” гэж асуухад “Гэр бүл” гэж хариулсан. А.Тэмүүжинг дахиж хөл дээрээ босоход спортын мастер ээж нь, фитнест нь уйгагүй хүргэж өгдөг ах нь, ажилдаа явахдаа хоол хийгээд үлдээдэг байсан эгч нь, Болороо, Ганмэнд гэх багш нар нь тусалжээ.

Тэр шантарч, ядарч, цөхрөх үедээ дотроо л уйлдаг байсан гэв. "Энэ олон хүмүүсийн итгэл найдварыг алдаж болохгүй. Тэмүүжин, чи босох ёстой” гэж өөрөө өөртэйгээ ярьж эхэлсэн гэлээ.

Ингэж хичээж зүтгэсний ачаар А.Тэмүүжин гурван жилийн дараа ярьж, явж чаддаг болжээ. Эмнэлэг бараадаж, эм тариагаар бөмбөгдүүлж явсан үе нь аль хэдийнэ ард хоцорчээ. Анх нэг килограмм гантель өргөж чаддаггүй байсан бол одоо 40-50 кг гантель өргөж чаддаг болсон байна. Найз нөхөд нь “үхсэн” гэж бодож байсан А.Тэмүүжин өнөөдөр өөрийн гэсэн фитнестэй болж, харвасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах мөрөөдөлтэй болжээ. Одоо тэр “Shoes love” дэлгүүрт туслах ажил хийдэг. Бас бодибилдингийн тамирчин болоод байна. “Зургаан жилийн өмнөх болон одоогийн А.Тэмүүжин хоёрт ямар өөрчлөлт гарсан бэ” гэхэд “Хүн ухаан суудаг юм байна. Би харвахаасаа өмнө их хөдөлгөөнтэй, ширээний теннис, волейбол зэрэг спортоор хичээллэдэг хүүхэд байсан. Би өнөөдөр алхаж, гишгэж, амьд яваа мөч бүртээ баяртай байдаг. Нэг алдсан алдаагаа ахиж давтахгүй юм сан, зөв амьдрах юмсан гэж хичээж байна. Залууст хандаж буруу зүйлд “Үгүй” гэж хэлж чаддаг байгаарай” гэж зөвлөмөөр байна гэсэн юм. “Хөдөлмөр хүнийг бүтээдэг” гэж үг бий. А.Тэмүүжин бол өдөр бүр хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулж, дасгал хөдөлгөөн хийж чадсаны ачаар өөрийгөө ялсан зоригтон юм.