Элчин сайд Д.Энхтайван итгэмжлэх жуух бичгээ Индонезын Ерөнхийлөгчид өргөн барив

Элчин сайд Д.Энхтайван итгэмжлэх жуух бичгээ Индонезын Ерөнхийлөгчид өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Прабово Субианто-д 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Прабово Субианто Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайдаар томилогдон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

Элчин сайд Д.Энхтайван Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Прабово Субианто-д уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улсын хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвх зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийлэв.