Л.Оюун-Эрдэнэ: 16 жилийн турш гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбохоор боллоо

Л.Оюун-Эрдэнэ: 16 жилийн турш гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбохоор боллоо

isee.тn мэдээллийн сайтын сурвалжлах баг БНХАУ-ын Шанхай хотоос мэдээллийг хүргэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр тэрбээр "Шанхайн Экспо-2024" үзэсгэлэнд оролцож үг хэлснээс гадна тус үзэсгэлэнд оролцож буй 10 гаруй аж, ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзсан юм. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзсан бөгөөд энэ үеэр талууд хэд, хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. 

ВИДЕО: 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ " "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нь 1964 оноос эхэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зээлийн хэлэлцээрт оруулсан. Үүнээс хойш олон асуудал болсон. Тухайлбал, байгаль орчны үнэлгээ, малчдын эсэргүүцэл, зарим хүний шууд илэрхийлсэн байр суурь зэргээс болж улс төрийн гацаа үүссэн. Өнөөдөр хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэг "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ын зээлийн хэлэлцээр батлагдлаа. Олон жилийн турш яригдсан төслүүд гараанаас гарахын дохио.

Дараагийн ярилцах төсөл бол 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам байгаа юм. Бид очоод Засгийн газраас УИХ-руу оруулна. БНХАУ-ын тал болон Чайна Энержи компани байр сууриа нэгтгэсэн. Уг төмөр замыг барьсаны дараа Хангимандал-Шивээхүрэн боомтыг холбоход бэлэн байна гэж Хятадын талаас хэллээ.

16 жилийн турш гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбох эцсийн тохироо эцэслэн хийгдсэн. Аль намаас сонгогдсон хэн байх нь хамаагүй. Хоёр улсын Ерөнхийлөгч нар гэрээ зурж хэлэлцээрийг эхлүүлсэн. Дараа нь УИХ дээр уг хэлцлийг хүчингүй болгосон.

Тэгэхээр уг төсөл нь гаднын улс орны буруугаас илүү Монгол Улсын улс төрийн бодлогын тогтворгүй байдлаас болж зогссон байсан. Бид ондоо багтаан уг гэрээг хийнэ. Монгол Улс домог болсон хуучин төслүүдээ бүгдийг нь дуусгаж, шинэ эдийн засаг, хиймэл оюун ухаан, дэвшилтэд технологи, хот байгуулалтын салбарт шинэ төсөл ярьж эхлэх ёстой. Намайг 10 дугаар анги, оюутан байхад яригдаж байсан төслүүд одоог хүртэл дуусаагүй байна. Энэ удаагийн айлчлал их үр дүнтэй боллоо" гэлээ.

Гарын үсэг зурсан баримт, бичгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд, 

1. “ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Эрчим хүчний сайд Борхүүгийн Чойжилсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банкны Улс хоорондын бизнес харилцааны газрын дэд дарга Жан Тианьчин нар гарын үсэг зурав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Энэхүү Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.   Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.

“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХҮРТЭЭМЖ, ЧАНАР, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР Монгол Улсын Сангийн сайд Болдын Жавхлан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банкны Улс хоорондын бизнес харилцааны газрын дэд дарга Жан Тианьчин нар гарын үсэг зурав. Энэхүү тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар нийт 20,9 сая ам.долларын санхүүжилтээр холбооны шугам, сүлжээг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХК хэрэгжүүлэх юм. Зээлийн нөхцөл нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх бөгөөд эхний 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

“БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ СОЛИЛЦОХ ЗАХИДАЛ”-д Монгол Улсын Сангийн сайд Болдын Жавхлан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Жун Хайдун нар гарын үсэг зурав.

Энэхүү Засгийн газар хоорондын баримт бичиг болох солилцох захидлыг солилцсоноор “Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудал шийдэгдэж байна. Уг спорт цогцолбор нь 19 нэр төрлийн спортын зориулалтаар ашиглагдах спорт заал, усан сан, хүлээн авалтын танхим, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний болон нийтийн үйлчилгээний талбай, оффис, урлагийн танхим, автомашины зогсоол зэрэг нийт 60 орчим мянган метр квадрат талбайг хамрах цогцолбор юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол, Хятадын харилцааны түвшинг ахиулж “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2014 онд нэг тэрбум, 2017 онд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих” төслийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд уг төслийн техник, эдийн засаг боловсруулах солилцох захидалд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зуржээ.

“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХУДАЛДААНЫ ЯАМ ХООРОНДЫН НОГООН ХӨГЖЛИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лувсаннямын Гантөмөр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны сайд Ван Вэньтао нар гарын үсэг зурав.

Энэхүү баримт бичгийг байгуулснаар Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн ногоон хөгжлийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, ногоон хөгжлийн стратеги, бодлогын уялдаа холбоог хангах, төрийн захиргаа, орон нутаг болон санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах эрх зүйн нөхцөл нь бүрдэж байгаа болно.   

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНДЫН СТАНДАРТЧИЛЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийг зохицуулах ерөнхий газрын дарга Луо Вэнь нар гарын үсэг зурав.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам, түүний зохицуулалт, үндэсний бодлогыг баримтлан стандартыг ижилтгэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаж буй хамтын ажиллагааны баримт бичиг юм.

МОНГОЛ УЛСЫН МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗАР БОЛОН БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийг зохицуулах ерөнхий газрын дарга Луо Вэнь нар гарын үсэг зурав.

Уг баримт бичгийг байгуулснаар шударга өрсөлдөөнийг хангах чиглэлээр нийтийн ашиг сонирхлыг хөндөж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, энэ чиглэлээр тус тусын мөрдөж буй хууль, эрх зүйн баримт бичгийн талаар мэдээлэл солилцох, сургалт, семинар, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах, шинээр дагаж мөрдөх зохицуулалтын талаар харилцан мэдээллэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс тавигдаж байгаа болно.

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ТЭЖЭЭЛИЙН АМЬТНЫ УУРАГ БОЛОН ӨӨХ, ТОС ЭКСПОРТЛОХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ү Хайпин нар гарын үсэг зурав. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тэжээлийн амьтны уураг, өөх, тос экспортлох үеийн хорио цээрийн нөхцөлийг тохирсоноор энэ төрлийн малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, дэлхийн зах зээлд гаргах нөхцөл нь бүрдэж байна.

Энэхүү протоколоор малын уураг болон  тэжээлийн өөх тосыг боловсруулах арга, технологийг талууд тохиролцсоны зэрэгцээ малын уургийн эх үүсвэр, түүхий эд болон үйлдвэрлэгчид тавигдах шаардлага зэрэг тодорхой нөхцөлүүдийг зааж өгсөн байна. 

“ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРИЙГ ХАМТРАН БАРИХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР” ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ.

Мөн айлчлалын хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болов. Уг Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа болно.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө