Isee.mn сайтын сурвалжлах баг БНХАУ-ын Шанхай хотоос мэдээлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотноо болж буй “Шанхай экспо-2024” үзэсгэлэнд оролцож байна. Түүний айлчлал өчигдөр /2024.11.04/ албан ёсоор эхэлж, “Шанхай экспо”-д оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа, дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцсан. Уг ажлын айлчлалын хүрээнд тэрбээр “Шанхай экспо”-д оролцохоос гадна Монгол, Хятадын хоорон дахь хэд, хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэх мэдээллийг албаныхан өгч байна. Өнгөрсөн жил тус экспогоор хийгдсэн худалдан авалт болон хэлцлийн дүн 78.4 тэрбум ам.долларт хүрснээр түүхэн дээд амжилт тогтоосон. 2023 оны байдлаар манай хоёр орны худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн байдаг бол энэ тоог 20 тэрбум ам.долларт хүргэхээр хоёр тал зорьж байгаа юм.
-“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС”-ЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ 253 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ”-
Тухайлбал, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон Хятад улсын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээрт холбогдох албаныхан гарын үсэг зурах аж. Хятад Улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Энэхүү Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм. Дээрхээс гадна Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх солилцох захидал зэрэг хэд, хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.
-УГ ЭКСПОГ НҮБ-ЫН ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛ, НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ЗЭРЭГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ДЭМЖИЖ ОРОЛЦДОГ -
Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох “Шанхайн экспо-2024” үзэсгэлэн нь Хятадын үндэсний хэмжээнд импортыг нэмэгдүүлэх, худалдааг дэмжих зорилготой бөгөөд 2018 оноос хойш жил бүрийн 11-р сарын 5-10-нд зохион байгуулагдаж ирсэн юм. “Хятадын олон улсын импортын экспо” нь Хятадын Засгийн газраас гадаад худалдааг либералчлах, зах зээлээ дэлхийд илүү нээлттэй болгохыг тууштай дэмжиж буйг илэрхийлсэн санаачилга бөгөөд жил бүр зохион байгуулснаар дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж байна. Уг экспог НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллага дэмжиж оролцдог байна. Энэхүү экспо нь Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн цогцолбор танхимд буюу 1.5 сая м2 талбай бүхий дэлхийд томоохон тооцогдох бүтээн байгуулалтад болдог бөгөөд үзэсгэлэнгийн танхим, үйлчилгээний төв, оффис, зочид буудал зэргээс бүрддэг байна. Энэхүү экспо нь хүнс, хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг, үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн 6 үндсэн хэсгээс бүрддэг.
-“ШАНХАЙ ЭКСПО”-Д МАНАЙ УЛСЫН 10 АЖ, АХУЙ НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА”-
Түүнчлэн инновацын тусгай хэсэг, олон улсын үндэсний дүр төрхирйн үзэсгэлэнгийн тусгай хэсэг зэрэг нийт 15 тусдаа байгууламжид зохион байгуулагддаг. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд тус экспод 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, нийт 420 тэрбум долларын бодит худалдан авалт, борлуулалтын гүйлгээ хийж 2500 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, шинэ дэвшилтэд технологийг танилцуулсан байна. Мөн жил бүр үзэсгэлэнгийн үеэр “Хунчяо олон улсын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулж, улс орнуудын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдыг урьж, дэлхийн эдийн засгийн чиг хандлага, олон улсын худалдаанд тулгарч буй асуудлыг хэлэлцдэг. Энэ жилийн хувьд “Өндөр түвшний нээлттэй байдлыг хадгалж үлдэх, хамтдаа бүх талын оролцоотой эдийн засгийн даяарчлалыг дэмжинэ” сэдвээр зохион байгуулж байна. Манай улсын хувьд тус импортын үзэсгэлэнд тасралтгүй оролцож ирсэн. Өнгөрсөн жилүүдэд манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэгчид идэвхтэй оролцож байв. Тухайлбал, “Байгаль кашмер”, “Сайнтүмэн кашмер”, “Түмэн сүлжээ”, “Мөнгөн кашмер”, “Говь газар”, “Бодиос” зэрэг ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч мөн шингэн хүнсний “АПУ” ХК, “Тесо Групп”, “Шар доктор” ХХК болон “Норд рөүд” ХХК-ийн хуш модны самар зэрэг бүтээгдэхүүн оролцсон. Энэ удаагийн үзэсгэлэнд манай улсын 10 гаруй аж, ахуй нэгж оролцохоор бүртгүүлсэн байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно.
Мөн айлчлалын хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болов. Уг Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа болно.