Ч.Номин сайдын 18.3 тэрбумаар соёлын бичиг үнэгүй тараах ажлыг УИХ-аар дэмжив

Ч.Номин сайдын 18.3 тэрбумаар соёлын бичиг үнэгүй тараах ажлыг УИХ-аар дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайдын төсвийн багцын Соёлын эрхийн бичиг арга хэмжээний зардлыг 18,326,9 тэрбум төгрөгөөр бууруулах зарчмын зөрүүтэй саналыг гаргасан.

Гэтэл түүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон 92 гишүүний 54 нь дэмжсэнгүй.  Өөрөөр хэлбэл, Ч.Номин сайдын 2025 онд залуучуудад 18.3 тэрбум төгрөгөөр соёлын эрхийн бичиг тараах санаачилга хэвээр үлдлээ.

Энэхүү санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Залуучуудад хүчээр юм үзүүлэх гэж байгаа юм уу. Үүнийг болиод хавдрын эмнэлэг баръя. Энэ мөнгийг залуучууд авлаа гээд соёлжиж, гэгээрэхгүй. Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байгаа юм уу. Хүнээр даалгуулна гэдэг соёлгүй үзэл” гэсэн юм.

Харин Соёл, Спорт, Аялал, Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин “Тандан судалгаанд 19.5 мянган хүүхэд оролцож 94 хувь нь хэрэгцээтэй байна гэж үзсэн. Өсвөр насны хүүхдүүд санхүүгийн боломжгүй байна. Учир нь нийт хүүхдийн 70 хувь нь соёлын болон спортын арга хэмжээнд оролцож чадахгүй байна” гэсэн юм.