Д.Энхтүвшин: Төсвийн зарлагыг 5.3 их наядаар танахгүй бол дэмжихгүй цаашид ч УИХ-д байх шаардлагагүй

Д.Энхтүвшин: Төсвийн зарлагыг 5.3 их наядаар танахгүй бол дэмжихгүй цаашид ч УИХ-д байх шаардлагагүй

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн төслийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дөрөвхөн сарын өмнө гурван нам сонгогчдын саналыг авахын тулд гурвуулаа төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьд хүртэл бууруулна гэж амлаж байсан.  МАН нь төсвийн зарлагыг 25 хувиар, АН 20 хувиар бууруулна гэж амласан бол ХҮН төсвийн зарлагыг бодитоор бууруулах бодлого баримтална гэсэн амлалтыг өгсөн. МАН нь бусад намаасаа илүү төрийн бүтцийг жижиглэж, хувийн хэвшлийг дэмжих юм байна гэсэн итгэл үнэмшил надад байсан. Энэ тухай мөрийн хөтөлбөртөө оруулсан учраас би нэр дэвшүүлэх саналыг нь хүлээн авсан. Анхны жилийнхээ төсвийг хэлэлцэж байна.

Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувь нэмэгдүүлж, ДНБ-ий 37.7 хувьд хүргэх төсвийн төсөл оруулж ирсэн. Миний хувьд бүлэг залилангийн нэг хэсэг болсон юм шиг санагдаж байна.

Ард иргэд үүнийг дөрвөн жилийн дараа мартана, хэн сануулах вэ дээ гэсэн байдалтай байна. Ер нь ордон доторх хүмүүс амьдралаас их тасарсан. Өнөөдөр аж, ахуй нэгжүүд, иргэд цалингас цалин, зээлээс зээлийн хооронд явж байна. Гэтэл төсвийн урсгал зардлыг 10 их наядаар нэмж, 2023 онтой харьцуулахад татварын орлогыг 50 хувиар нэмэгдүүлж, 10 их наядыг олно гэж байна. НӨАТ-ын өр 2024 оны зургаан сарын байдлаар 540 тэрбум төгрөг болсон.

Мөн татварын алданги, хүү торгуультай холбоотой дарамт 2020 онтой харьцуулахал 3.5 дахин нэмэгдэж, 70 их наядын торгуулийн төлбөр тавигджээ. Би яагаад ч энэ байдалтай эвлэрэхгүй. 5.3 их наядаар төсвийн зарлагыг бууруулахгүй бол энэ төслийг дэмжихгүй. Татвар төлөгчдийн ачаалал нэмэгдэнэ. .МАН 68, АН 42, ХҮН 8 гишүүдийг хэлсэн ярьснаасаа буцахгүй байхыг уриалж байна. Сонгогчид та бүхэн ч бас төсвийн зардлыг нэмэгдүүлэх юм улстөрчдөөс гуйхгүй байхыг уриалж байна. Энэ байдлаа засахгүй бол энд байх шаардлагагүй гэж бодож байна" гэжээ.