ВИДЕО: "Импортын автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй" гэх Х.Нямбаатарын шийдвэр нь 20 мянгын дугаарыг 500 мянгаар зарах хүртэл үнэ хөөрөгджээ

ВИДЕО: "Импортын автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй" гэх Х.Нямбаатарын шийдвэр нь 20 мянгын дугаарыг 500 мянгаар зарах хүртэл үнэ хөөрөгджээ

Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг гаргасан. Албаны хүмүүс энэхүү шийдвэрээ Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилготой хэмээн тайлбарлаж буй.

Тэгвэл энэхүү шийдвэрээс болж Автотээврийн үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдэж, Улаанбаатарын серитэй улсын дугаарын эрэлт ихэсч, үнэ өссөн талаар бид энэ удаа сурвалжиллаа. Тухайлбал, 20 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан улсын дугаарыг шинээр автомашинтай болж буй иргэд багадаа 500 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд азын дугаарыг 4-5 сая төгрөгөөр худалдан авч байгаа талаар иргэд бидэнд мэдээлсэн юм. Мөн тэд Хотын даргын энэхүү шийдвэрийг иргэдээ хот, хөдөөгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл гэсэн юм.               

ВИДЕО:

Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй байгаа талаар иргэд, "Улаанбаатарын серитэй улсын дугаар одоогоор өгч байна. Харин арваннэгдүгээр сарын 8-наас хойш дугаар өгөхгүй гэвэл асуудал үүснэ. Гаднаас оруулж ирж буй автомашинууд бүгд л улсын дугаар авна шүү дээ. Энэ олон ченжүүдийн оруулж ирсэн машины мөнгийг улс өөрсдөө төлөөд, явуулахгүй байх арга хэмжээ авч чадах бол хамаа алга.

Хөдөө орон нутагт арга хэмжээ авч чадахгүй байж хот, хөдөөгөөр нь ялгаад байх хэрэг байна уу. Хотоо тэлж, их сургуулиуд, төрийн албаа бүгдийг нь хотоос гаргачихвал түгжрэлийн асуудал шийдэгдэнэ биз дээ. Монгол Улсын 3 сая иргэд бүгд машин унахгүй л байгаа байх. Ихдээ л 1.5-1.8 сая хүн машин унаж байгаа. Эдгээрийг зохицуулаад явуулж чадахгүй бол удирдлагуудын өөрсдийнх нь л буруу шүү дээ. Улсын дугаар олголтыг хязгаарлаж байгаа асуудлыг нэг дуулианыг нэг дуулианаар дарах гэсэн арга хэмээн харж байгаа" гэлээ.

-УЛААНБААТАРЫН СЕРИТЭЙ ДУГААРЫГ ХЯЗГААРЛАХ НЬ ХОТ ХӨДӨӨГӨӨР НЬ ЯЛГАВАРЛАЖ, ХООРОНД НЬ ТАЛЦУУЛЖ БУЙ ХЭРЭГ-

Мөн "Нисдэг машин" дээр улсын дугаар авахаар оочирлож буй иргэд, "Би өөрөө хөдөөний хүн. Хот, хөдөөгийн автомашины дугаартай байгаа нь аймаг, сумдаар нь талцуулж байгаа нэг хэлбэр. Монгол Улс нэг л улсын дугаарын серитэй баймаар санагдах юм. Төрөөс гаргаж байгаа энэ мэт шийдвэрүүд нь Улаанбаатарт хөдөөгийн биднийг ирүүлэхгүй байх нэг арга байх. Үүнийг шинжлэх ухаанч талаас нь бодож үзэх хэрэгтэй шүү дээ. Хүний худалдах, худалдан авах эрхийг хуулиараа хамгаалдаг. Замынхаа төлбөр, хураамжаа авдаг хэрнээ замаа зохицуулаад явуулж чадахгүй байж иргэдийн эрх ашиг руу ингэж халдах нь буруу" гэлээ.