Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэргээр 650 мянган төгрөгийн торгуулын ял сонссон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж буй Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэнэ.
Тодруулбал, прокуророос Д.Ган-Эрдэнэд Эрүүгийн тухай хуулийн 19.13 дугаар зүйл, "Төрийн нууцыг үрэгдүүлэх" гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Ган-Эрдэнийг Төрийн нууцыг үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож, 650 мянган төгрөгөөр торгох ял оноосон юм.
Улмаар тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцсэн юм. Тэгвэл тус хэргийг өнөөдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.