К.Токаевын айлчлалын үеэр болсон Монгол дахь казах иргэдийн уулзалтад УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Зулпхар, С.Замира нар очиж сургууль, цэцэрлэг барьж өгөөч хэмээн гуйж, шүүмжлүүлжээ

К.Токаевын айлчлалын үеэр болсон Монгол дахь казах иргэдийн уулзалтад УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Зулпхар, С.Замира нар очиж сургууль, цэцэрлэг барьж өгөөч хэмээн гуйж, шүүмжлүүлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев манай улсад айлчиллаа. Тус айлчлалын үеэр хоёр улсын гадаад худалдааг 500 сая долларт хүргэхээр тохирсноос гадна ачаа, тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахад санал нэгдсэн юм.

-УУЛЗАЛТ ЭНЭ САРЫН 28-НД ШАНГРИЛЛАД БОЛЖЭЭ-

Энэ утгаараа улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн чухал ач холбогдолтой айлчлал болсон гэж дүгнэж болохоор байна. Хамгийн чухал нь айлчлалын үеэр талууд ХАРИЛЦААГАА СТРАТЕГИЙН ТҮВШИНД хүргэснээ зарлалаа.

Тэгвэл тус айлчлал албан ёсоор эхлэхээс өмнө буюу уржигдар /2024.10.28/ Казахстаны Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон бусад албаныхан Монголд амьдарч буй казах иргэдийн төлөөлөлтэй Шангрилла зочид буудалд уулзжээ. Эл уулзалт нь айлчлалын хүрээнд болсон арга хэмжээ юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус уулзалтад оролцсон иргэдийг айлын тал нэлээн цензурдаж, нягталж байж урьсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Зулпхар, Х.Жангабыл, С.Замира, Б.Бейсен  мөн УИХ-ын гишүүн асан Х.Баделхан, Г.Солтан, А.Тлейхан, Казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбооны тэргүүн С.Айнагүл зэрэг албаны олон хүн очсон байна.

Гэтэл уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Жангабыл тэргүүтэй УИХ-ын гишүүд Монголд казах хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг мөн соёлын төв барьж өгөхийг Казахстаны талаас хүсчээ.

-ТЭДНИЙГ АХУЙН ЧАНАРТАЙ, ТОЙРГИЙН ЖИЖИГ АСУУДАЛ ХӨНДЛӨӨ ХЭМЭЭН ЖИРИЙН ИРГЭД ШҮҮМЖИЛЖЭЭ-

Казахын талынхан хүсэлтэд дурамжхан хариулж, “Манай улс өөрсдөө сургууль, цэцэрлэгийн асуудлаа дотооддоо бүрэн шийдэж дуусаагүй байгаа” гэх агуулгаар яриа өрнүүлсэн байна. Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар, Налайхын аль нэгд нь казах иргэдэд зориулсан соёлын төв барьж өгнө гэж амласан сураг бий. Гэтэл гишүүд нь хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцохын оронд “жижиг” бүр тойргийнхоо ажлыг ярьсан нь уулзалтад очсон зарим хүнийг ичээжээ. Тиймээс тус уулзалтад очсон нэгэн залуу босч ирээд “УИХ-ын гишүүд тойргийн жижиг асуудлаа энд ярьмааргүй байна. Илүү өргөн хүрээний ажил, хоёр орны харилцааны хөгжлийн асуудлаар санал солилцмоор байна. Сургууль, цэцэрлэг бариулах төсвийг төсөвт суулгах боломж та бүхэнд бий” гэж хэлсэн байна. Түүнийг зарчмын ийм санал хэлэхэд казахын төлөөлөл ч нэлээн дэмжсэн гэдгийг эх сурвалжууд хэллээ.

2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монголын нийт хүн амын 4 хувийг казахууд эзэлж байна. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын айлчлалын үеэр хоёр улсын иргэд Монгол болон  Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох одоогоор тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломжийн талаар санал нэгдсэн юм. 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө