Албанийн Тирана хотноо Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит их хурал өчигдөр хуралдаж, Гүйцэтгэх Товчооны шинээр сонгогдсон долоон гишүүний нэг нь монгол хүн болжээ.
Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр ДБНХ-ны дээд байгууллага болох Гүйцэтгэх Товчооны гишүүн болсон байна. Уг хуралд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 121 орны төлөөлөгчид оролцож, 100 хувийн саналаар түүнийг сонгожээ.
Ийнхүү П.Буяндэлгэр Монголын спортын түүхэнд олимпын төрлийн олон улсын спортын холбооны удирдах дээд зөвлөлд сонгогдсон хамгийн анхны бөгөөд эмэгтэй зүтгэлтэн болов. Гүйцэтгэх Товчооны долоон суудлын төлөө АНУ, Болгар, Гүрж, Казахстан, Катар, Киргизстан, Монгол, Норвег, ОХУ, Португал, Унгар, Франц, Швейцар, Япон улсаас 15 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлджээ.