УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй чуулганы үеэр мэтгэлцэхээр болсон талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байлаа.
Энэ тухайгаа тэрбээр “Энэ баасан гараг буюу аравдугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл хийх үеэр Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар сөрөг хүчнээ төлөөлж, 20 минут мэтгэлцэхээр боллоо” гэсэн юм.
Улмаар өнөөдөр буюу баасан гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд оролцолгүй, түүний оронд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж, боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай. Энэ бол УИХ ын чуулганы дэгийн тухай хууль. АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий сайдтай 20 минут асуулт асууж мэтгэлцээний хэлбэрээр ярилцах ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж ирсэнгүй. Уг хуулийн 112 ын 4- р зүйлд “Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл хийнэ” гэж заасан байгаа. УИХ бол хууль тогтоох байгууллага. УИХ ын гишүүд гагцхүү хуульд захирагдах ёстой. Тиймээс хууль зөрчсөн энэ мэт үйлдэлтэй эвлэрч чадахгүй гэдгээ хэлээд, Ерөнхий сайдыг чуулганд өөрийн биеэр ирэхийг шаардаж чуулганы нэгдсэн хуралдааны орхин гарлаа" гэжээ.