Нийслэлийн 385 жилийн ойн барилдаанд 256 бөх зодоглоно

Нийслэлийн 385 жилийн ойн барилдаанд 256 бөх зодоглоно

Нийслэлийн 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд маргааш орой хаах юм. Барилдаанд улсын аварга О.Хангай, арслан Ц.Бямба-Отгон, заан Б.Серик, М.Лхагвагэрэл, начин Д.Амарсайхан нар одоогийн байдлаар бүртгүүлжээ.

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлалт барилдааны анх 1994 оноос зохион байгуулж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байв. Энэ барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ тав, улсын аварга Д.Сумъяабазар хоёр түрүүлсэн байна. Барилдаанд улсын заанаас доош цолтой ганцхан бөх түрүүлсэн  начин Ч.Батчулуун аж. Харин 2018 оны нийслэлийн өдөрт зориулсан барилдааныг улсын цолгүй бөхчүүдийн дунд зохион байгуулахад аймгийн арслан Э.Баасанжав түрүүлж байсан юм. Энэхүү барилдаан 2021 онд коронавирусын цар тахлын улмаас өнжсөн билээ.

Сүүлийн дөрвөн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг танилцуулъя.

2023 он

Түрүү: улсын заан Б.Бат-Өлзий

Үзүүр: улсын заан Б.Пүрэвсайхан

Их шөвөг: улсын начин Ч.Батчулуун, заан Д.Хүдэрбулга

2022 он

Түрүү: улсын аварга О.Хангай

Үзүүр: улсын заан Б.Серик

Их шөвөг: улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр

2020 он

Түрүү: улсын гарьд М.Бадарч

Үзүүр: улсын харцага Э.Ууганбаяр

Их шөвөг: улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Даваа-Очир

2019 он

Түрүү: улсын начин Ч.Батчулуун

Үзүүр: улсын аварга О.Хангай

Их шөвөг: дархан аварга Н.Батсуурь, улсын заан Б.Бат-Өлзий