Т.Мөнхсайхан: Зарим эмийг жоргүй болгох шийдвэр гаргаж, эм ханган нийлүүлэх байгууллагууд руу хүсэлт хүргүүлсэн

Т.Мөнхсайхан: Зарим эмийг жоргүй болгох шийдвэр гаргаж, эм ханган нийлүүлэх байгууллагууд руу хүсэлт хүргүүлсэн

Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.24/ хуралдаж, 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдиг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, "Жороор олгох эмийн жагсаалтыг хэрхэн шинэчлэх вэ. Бид өөрсдөө өдөр тутамдаа эм хэрэглээд зуршил болчихсон. Эмч дээр очихоос илүү эмийн сан ороод дураараа эм авчихдаг асуудал буруу гэдгийг эрүүл мэндийн салбар онцолж байна. Гэхдээ зарим эм үйлдвэрлэгчээсээ хамаараад жороор олгох эсэхийг шийдэж байгаа нь шударга бус байдал, үл ойлголцлыг бий болгоод байна. Үүнийг засахын тулд ямар ажил хийж байна вэ?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, "Манай улсад бүртгэлтэй 4000 гаруй төрлийн эм байна. Түүнээс 1100 орчим нь жоргүй олгогдох эмийн жагсаалтад ордог. Орц найрлага нь адилхан хэр нь жортой, жоргүй төрлөөр ялгаатай олгодог 160 орчим эм байна. Хүний эмийн зөвлөл хуралдаад энэ ялгааг арилгах, зарим эмийг жоргүй болгох шийдвэр гаргаж, эм ханган нийлүүлэх байгууллагууд руу хүсэлт өгсөн. Ирэх долоо хоногт Хүний эмийг зөвлөл дахин хуралдана. Хуралдаанаар эцсийн шийдвэрүүд гарч, эмийн бүртгэлд өөрчлөлт хийнэ. Ирэх долоо хоног гэхэд ижил найрлагатай эмүүд, зарим нь жортой, жоргүй олгодог ялгаатай байдал арилна.

И-Монголиад эерэг тал ч, сул тал ч байна. Жишээ нь, жирэмсний хяналтын дархлаажуулалт зэрэг зүйлүүд дээр И-Монголиа үнэхээр өгөөжтэй байгаа. Харин цаг захиалах, эмийн жорд И-Монголиа зөв, оновчтой шийдэл биш.

И-Монголиагаар эмнэглийн цаг захиалсан хүмүүсийн 40 орчим хувь нь захиалсан цагтаа ирдэггүй. Энэ нь эргээд маш их хүндрэл үүсгэдэг. Цахим жорыг И-Монголиагаар явуулж давхардал үүсгэх шаардлагагүй. Өнөөдөр манай улсад 2500 орчим эмийн сан эм олгож байгаа. Тэдгээрийн 1400 орчим нь эрүүл мэндийн даатгалаас, хөнгөлөлттэй эм олгодог. Тэдгээр эмийн сангууд руу цахим жор шууд холбогдох боломжтой. Сайдын ажлын авсан цагаас хойш эмийн жорыг цахимжуулахаар ажиллаж байна. Ирэх долоо хоног гэхэд үлдсэн 1100 эмийн санд эмч нар цахимаар эм бичдэг болно. Ингээд улсын хэмжээнд 2500 эмийн сан бүгд эмч нь цахимаар эмийн жороо бичиж, иргэд эмийн сангаас цахимаар жороор эмээ авдаг боломж бүрдэнэ" гэлээ.