И.Мөнхжаргал: АН ойрын хугацаанд "Улс төрийн намын тухай хууль"-д нийцүүлж дүрмээ өөрчлөх шаардлагатай байгаа. Намын даргаа солих эсэх нь дараагийн асуудал

И.Мөнхжаргал: АН ойрын хугацаанд "Улс төрийн намын тухай хууль"-д нийцүүлж дүрмээ өөрчлөх шаардлагатай байгаа. Намын даргаа солих эсэх нь дараагийн асуудал

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Би орон нутгийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээнэ. Мөн АН-ын дарга Л.Гантөмөр ч УИХ-ын сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж огцрох ёстой" хэмээн мэдэгдсэн. Түүнийг Х.Баттулгын фракцын хүн гэдэг. Үүнтэй холбогдуулан АН дотор намын даргаа солих эсэх маргаан дэгдээд байгаа юм. Тэгвэл бид энэ талаар АН-ын дэд дарга И.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед Ардчилсан нам удирдлагаа солих эсэх асуудал яригдаж эхэллээ. Намын удирдлагын асуудал нь УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа ялангуяа орон нутгийн сонгуулийн дараа их яригдаж байна. Тодорхой хэлбэл Нийслэлийн АН-ын дарга "дүрмийн дагуу ажлаа өгье. Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд олонх болж чадаагүй намын дарга Л.Гантөмөр ч бас огцрох ёстой" гэсэн. Энэ нь танай намын хувьд боломжтой юу?

-Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт ажлаа өгнө гэдэг нь дүрмийн хүрээнд л ярьж байгаа асуудал. Намын удирдлагын түвшинд хариуцлага хүлээнэ гэдэг бол ёс зүйн асуудал ярьж байгаа байх. Дүрмийн хувьд хамт огцрох ёстой гэсэн заалт байхгүй. 2024 оны долдугаар сарын 1-нээс Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Иймд улс төрийн намууд Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн энэ арванхоёрдугаар сарын 31-ний дотор Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж, Дээд шүүхэд шинэ дүрмээ батлуулах үүрэгтэй. Дүрмээ өөрчилж, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлнэ гэдэг нь одоогоор АН-д тулгамдаж буй хамгийн эхний асуудал. Хариуцлагын асуудал мэдээж яригдана. Гэхдээ хариуцлага тооцуулж, Л.Гантөмөр даргыг огцруулж, дараагийн даргыг сонголоо гэхэд тэр даргыг Монгол Улсын дээд шүүх бүртгэж авахгүй. Учир нь Монголын ногоон намын даргаар Н.Номтойбаярыг бүртгүүлэхээр хандахад, Дээд шүүхээс, "Танай нам улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн дүрмээ батлуулж, түүнийхээ дагуу даргаа сонгох ёстой" гэсэн тайлбарыг хүргүүлсэн байсан.

Иймд АН-ын удирдлагуудад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа бол хариуцлагаа тооцох "шинэ дүрэм"-ээ батлах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Намын дүрмээ батлуулж чадахгүй, нэг дарга нь огцорч өгдөггүй, туулж үзсэн зовлонгоо дахин давтах гээд байгаа юм.

Тийм учраас намын гишүүнийхээ хувьд, Нэгдүгээрт Улс төрийн намын тухай хуульд нийцсэн журмаа батлуулж, дүрмэндээ нийцүүлж бүх шатны удирдлагын байгууллагаа бүрдүүлэх нь зөв. Манай намынхан зарим нь энэ мэдээллийг аваагүй байх шиг байна. Бүгд хариуцлагын асуудал л яриад байна. Хариуцлагын асуудлыг ярих ёстой. Энэ дүрмэнд байгаа. Гэхдээ хариуцлагын асуудал бол дараагийн асуудал. Хариуцлагаас зугтах шаардлага байхгүй. Үүнийг намын дотоод хурлаараа шийдэж, эрх бүхий байгууллагад шийлжүүлэх нь зөв.

-Та бол 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш л намын даргыг солих эсэх асуудлыг ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тийм үү?

-Аливаа удирдах албан тушаалтны асуудал яригдаж байгаа бол шинэ дүрэм батлагдсаны дараа, шинэ дүрмийг Дээд шүүх бүртгэж авсны дараа л яръя гэж байгаа юм. Тэр нь 2024 арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаа. Улмаар батлагдсан шинэ дүрмийнхээ хүрээнд намын удирдах түвшний хүнээ шинээр сонгох нь зүйтэй. Тиймээс яаралтай АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, намын дүрмээ өөрчлөх ажлын хэсгийг байгуулах хэрэгтэй байна. Хугацаа тулчихсан байгаа тул яаралтай ажлын хэсэг байгуулж шинэ дүрмээ хэлэлцүүлэх шаардлагатай. Намын дүрэм гэдэг бол намын гишүүдийн хувьд үндсэн хууль нь шүү дээ. Үүнийг зүгээр л удирдах бүрэлдэхүүн өөрчилчихдөггүй. Намын бүх гишүүд хэлэлцүүлдэг. Ийм учраас арванхоёрдугаар сарын 31-н хүртэл маш богино хугацаа байна. Тиймээс нэн яаралтай улс төрийн зөвлөл хуралдаж, АН-ын дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг байгуулж, дүрмээ боловсруулах, хэлэлцүүлэх ажлаа нэн тэргүүнд хийх хэрэгтэй байна. Сандал, суудлынхаа хэрүүлийг дараа нь болж болно.