Ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатад “сануулга өгөх” сахилгын хариуцлага ногдуулах арга хэмжээг авчээ

Ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатад “сануулга өгөх” сахилгын хариуцлага ногдуулах арга хэмжээг авчээ

Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн /2024.10.23/ хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын давхар ажил эрхэлж, албан тушаал хашиж буй асуудлыг хэлэлцжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Золжаргалаас Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын гишүүн төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа талаар ирүүлсэн өргөдлийг хүргүүлжээ. Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаас “Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг байнгын хорооны дарга хүлээн авч байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн А.Ариунзаяад хянуулахаар хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн  А.Ариунзаяа уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай биечлэн  уулзаж, тайлбар авсан тухайгаа танилцуулсан юм. 

Тэрбээр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий зөвлөлдөө гаргасан байна. Ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаагийн их хурал хийх боломжгүй тул дараа жил их хурлаа зарлана гэж шийдвэрлэсэн. Харин БНСУ-д МҮЭ-ийн урилгаар, мөн Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүний хувиар ажилласан гэсэн тайлбар өгсөн хэмээлээ.

Хөдөлмөрийн 3 талт хэлэлцээрт өмнө нь хариуцан ажиллаж байсны хувьд тайлбар өгч оролцсон гэж тайлбарласан гээд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх өргөдлөө нэн яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай гэдгийг тэмдэглэн хэлсэн. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, Байнгын хорооны хуралдаанд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11.1.1-д заасны дагуу “сануулах” сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна гэв. Энэхүү тайлбартай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, ёс зүйн хариуцлага тооцох эсэхийг эргэн харах талаар саналаа илэрхийллээ.  Байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн байх тул УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат-д сануулга өгөх” сахилгын хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж үзэн Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. 

ЭХ СУРВАЛЖ:PARLIAMENT.MN