БШУ-ы сайд П.Наранбаяр, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, Хотын дарга Х.Нямбаатар нар 10-14 жил дамнан хэрэгжиж буй зургаан төсөлд энэ жил дахин 2-25 тэрбум төгрөгийн төсөв суулгажээ

БШУ-ы сайд П.Наранбаяр, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, Хотын дарга Х.Нямбаатар нар 10-14 жил дамнан хэрэгжиж буй зургаан төсөлд энэ жил дахин 2-25 тэрбум төгрөгийн төсөв суулгажээ

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж буй. Гэвч өмнөх 10 гаруй жил улсын төсөв дамнан хэрэгжсэн ч өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй барилгуудад энэ жил дахин төсөв хуваарилжээ. Тодруулбал, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн монголын талын хөрөнгө, Усан спорт цогцолбор, Дундговь аймгийн "Төв халх" дуулалт жүжгийн театр гэхчилэн 10-14 жил дамнан хэрэгжиж буй зургаан төсөлд энэ жил 2-25 тэрбум төгрөг суулгасан байна.

-БШУЯ-НЫ САЙД П.НАРАНБАЯР, ГБХНХ-ЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН НАР САЛБАРЫНХАА 10 ГАРУЙ ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ХОЁР Ч ТӨСӨЛД ЭНЭ ЖИЛ ДАХИН ТӨСӨВ ХУВААРИЛЖЭЭ-

  1. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө

2015 онд эхэлсэн уг төслийн тендер 2018 онд зарлагдаж, “Эрдэнэт-Орчлон” ХХК барилгын ажлыг эхлүүлж байжээ. Уг барилгын хариуцагч нь Боловсрол шинжлэх ухааны яам бөгөөд тухайн үед Ц.Цогзолмаа тус яамны сайдаар ажиллаж байсан юм. Мөн тухайн онд барилгын ажлыг гүйцэтгэгч “Эрдэнэт-Орчлон” ХХК-г ямар ч өрсөлдөгчгүйгээр тендерт шалгаруулсан баримт ил болж, маргаан дэгдээж байв. Тэгвэл яг 10 дахь жилийнхээ нүүрийг үзсэн ч ашиглалтанд ороогүй байгаа уг төсөлд энэ жил БШУЯ-ын сайд П.Наранбаяр дахин 9 тэрбум төгрөгийн төсвийг улсын төсөвт суулгажээ. 

  1. Усан спорт цогцолбор /Найрамдал зуслан/

2014 онд эхэлж байсан ч өнөөдрийн хүртэл ашиглалтанд ороогүй Найрамдал зуслангийн Усан спорт цогцолборын барилгын ажлыг “Эн Ар” ХХК хийж буй.

Гэвч өдгөө уг барилга 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 5 тэрбум төгрөг улсын төсөвт тавигдсан байдаг бол 2025 оны төсөвт 850 сая төгрөгийг суулгажээ. Уг ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцаж буй. Тухайн үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдаар С.Чинзориг ажиллаж байв. Харин энэ жил Л.Энх-Амгалан тус яамны сайд болсноор 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй Усан цогцолборт дахин төсөв суулгаж чаджээ.

-ДУНДГОВИЙН ЗАСАГ, ХОТЫН ДАРГА НАР Ч 10 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН БАРИЛГУУДАА МАРТАЛГҮЙ ЭНЭ ЖИЛИЙН ТӨСӨВТ ШУРГУУЛЖЭЭ-

  1. "Төв халх" дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан сум/

Дуу хуурын нутаг Дундговь аймгийн төв Мандалговьд Төв халхын дуулалт жүжгийн театрын шав тавих ёслол 2011 онд сүр дуулиантай болж байв. 

Хоёр жилд багтаан, 6,5 тэрбум төгрөгийн төсвөөр барьж ашиглалтанд оруулахаар анх “Суурь” гэх компаны барилгын тендерт шалгарч байсан юм.

Гэвч ашиглалтанд оролгүй 6 тэрбум төгрөг салхинд хийссэн. Улмаар 2023 онд зургийг өөрчлөх тендер дахин зарлаж, 8 тэрбумын төсөв бүхий барилгын ажлын тендерийг мөн зарлаад байгаа юм. Хэрэгжүүлэгч хариуцагч нь Дунговь аймаг. Энэ жил Засаг даргаар нь С.Мөнхчулуун томилогдох мэдээлэл байгаа бөгөөд 2025 оны улсын төсөвт уг театрыг барихаар нийт 5 тэрбум төгрөг дахин төсөвлөөд байна. 

  1. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д Ø800-ийн гол шугамыг Ø1000 мм голчтой болгон өргөтгөх зураг төсөв, барилга угсралтын ажил 

2014 онд анх Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл захирамж гарган уг ажлыг эхлүүлж байсан. Улмаар нийт 14 тэрбум төгрөг зарлагадсан ч өнөөг хүртэл үр дүнгээ өгөөгүй уг ажилд энэ жил Хотын дарга Х.Нямбаатар дахин 15 тэрбум төгрөгийн төсвийг суулгасан байна.

  1. Барилга байгууламжийн хийц бүтээцийн газар хөдлөл, сорил шинжилгээний төв лабораторийн барилга 

2011 онд эхэлсэн бөгөөд Нийт төсөвт өртөг нь 8 тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэх уг барилга өнгөрсөн 14 жилд, 14 удаагийн төсөв дамнасаар ирэх 2025 оны төсөвтэй золгож байна. Тэгвэл дээрх “Барилга байгууламжийн хийц бүтээцийн газар хөдлөл, сорил шинжилгээний төв лабораторийн барилга”-ын зардал жил дамнан төсөвт дараах байдлаар тусгагджээ.  Тухайлбал, 2011 оны төсөвт 2.57 сая төгрөг, 2012 оны төсөвт 1.5 сая  төгрөг, 2013 оны төсөвт 0.86 сая төгрөг, 2018 оны төсөвт 1.41 сая төгрөг, 2019 оны төсөвт 0.8 сая төгрөг, 2021 оны төсөвт 50.0 сая төгрөгийн зардал тус тус суулгажээ.  Ийнхүү 10-14 жил дамнан хэрэгжиж буй төсөл, барилгуудад тавигдсан 2-25 тэрбум төгрөгийг батлах эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар шийднэ.