Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээллийг сонслоо.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, "14 мега төслийн талаар МАН-ын бүлэг дэс дараатай хэлэлцэж шийдвэрүүдийг гаргана. Эхнийх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаарх мэдээллийг сонслоо. Монгол болон Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд Газрын тос боловсруулах үлйдвэр байгуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд дөрвөн багц ажил хэрэгжих ёстойгоос гурав нь хэрэгжээд явж байна. Мөн ажил нь удааширсан зүйлүүд ч байгаа бөгөөд нэмэлт санхүүжилт шаардагдах нөхцөл байдал үүссэн. Нэмэлт санхүүжилт хийхгүйгээр Газрын тосны үйлдвэр ашиглалтанд орох боломжгүй болсон. Иймд нэмэлт санхүүжилт олгох асуудлыг өнөөдрийн МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, нэн даруй Энэтхэгийн талтай хэлэлцэх ажлыг яаравчлах нь зүйтэй гэж үзлээ" гэв.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа. Ингэхдээ Энэтхэг Улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор төсөл 2019 оноос эхэлсэн ч дээрх зээлийн дүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн. Цар тахлын дараа дэлхий даяар тоног төхөөрөмжийн үнэ өссөн. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн "ЭКСИМ" банкнаас 431 ам.долларын зээлийг нэмж авах гэрээг байгуулах, гэрээг байгуулсан тохиолдолд УИХ-аар соёрхон батлагдаж, тус төсөл зогсохгүй явах нөхцөл бүрдэнэ” гэлээ.
ВИДЕО: