Олон улсын парламентын холбооны 149 дүгээр чуулга уулзалт Швейцарын холбооны улсын Женев хотноо боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 130 орчим гишүүн орны 630 гаруй парламентчид оролцов. УИХ-ыг төлөөлж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын О.Номинчимэг, Г.Хосбаяр, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцсон юм.
ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хуралдаанаар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гурван гишүүнийг сонгох сонгууль болж, нийт найман гишүүн орны есөн парламентчид өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдлоо.
Тус хороо нь 10 гишүүнтэй бөгөөд гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ сард дуусгавар болж, шинээр сонгогдсон гурван гишүүн (Монгол, Серби, Уганда) 2024-2029 онд ажиллах юм. УИХ-ын гишүүн О.Номинчимэг тус хороонд ажиллах Монгол Улсын анхны парламентч болж байна.
ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүд нь чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх ба ард түмний дуу хоолой болсон парламентчдын эсрэг халдлага, зөрчлийг хянан шалгах, тэдний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй олон улсын цорын ганц бүтэц юм. Түүнчлэн, тусгай хороо нь одоогоор 47 гишүүн орны 760 гаруй парламентчдын эрхийн зөрчлийн талаар хянан шалгаж байгаа бөгөөд үүний дотор парламентч асан С.Зоригийн хэрэг багтсан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.