Дорнод аймгийн Халхгол суманд өчигдөр хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, тус сумын Ялалт багийн "Харуулын нуруу" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 12:34 цагт онцгой байдлын байгууллагад бүртгүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 21 дүгээр талбайн ажилчид хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 17:45 цагт түймрийг бүрэн унтрааж, тус багийн малчинд хүлээлгэн байна. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 1000 га талбай өртөж шатжээ.