Боловсролын яамны дэд сайдаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяаг томилохоор яригдаж байна

Боловсролын яамны дэд сайдаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяаг томилохоор яригдаж байна

УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 68 суудал авсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, 42 суудалтай АН, найман гишүүнтэй болсон ХҮН намтай нийлж, “хамтарсан Засгийн газар”-ыг байгуулсан. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хамтарсан Засгийн газрын бүтцийг танилцуулахдаа, "Дэд сайдгүй үйл ажиллагаагаа явуулна" гэдгээ тодотгосон. Иймд Засгийн газрын гишүүний бие өвдсөн ч түүнийг орлох дэд сайдгүйгээр тэд танхимаа бүрдүүлсэн юм. Харин үүний дараа АН-аас дэд сайдын албан тушаалыг цомхотгохгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүссэн тул “Яамдыг дэд сайдтай байлгах эсэх” яриа тохироо явагдаж эхэлсэн юм. 

Ингээд орон нутгийн сонгуулийн дараа дэд сайд нарыг томилно. Ингэхдээ МАН-ын сайдтай яамдад АН-аас дэд сайдыг томилж, "сөөлжих" байдлаар тохиролцсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд гараад байна. 

Тэгвэл ХҮН намаас томилогдсон Боловсролын сайд П.Наранбаярын дэд сайдаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяаг томилох асуудал яригдаж байгаа аж. Ч.Болортуяа нь ikon.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байгаад Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдсон бол УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтад нэр дэвшин өрсөлдсөн юм.