"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, "Монгол банкнаас баталж буй орон сууцны бодлого гэдэг нь аль болох олон хүн орон сууцанд амьдруулах ёстой гэсэн зорилгыг баримтлах ёстой байх. Тиймээс 2-3 хүүхэдтай айлуудад оочер, дараалалгүйгээр зээл олгох боломжийг шинэчилсэн журманд тусгах хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд, өрх толгойлсон аавууд, өандөр настай иргэд ч бас орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломжийг нээж өгөөсэй гэж хүсэж байна.
Хоёрдугаарт, Улаанбаатарт олгож байгаа ипотекийн зээлийн 50-аас дээш хувийг дэд төвүүддээ олгох журмыг хувийн банкуудтай ярилцаад хэрэгжүүлж өгөх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот Ерөнхий төлөвлөгөөгөөр дэд төвийг хөгжүүлнэ гэж Сэлбэ дэд төв, Амгалан, Толгойт, Таван шар, Шар хад гэх мэт газруудыг хөгжүүлнэ гэж байгаа боловч орон сууцны бодлого нь хот төлөвлөлтийн бодлоготойгоо уялдахгүй байна. Иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэхээр яалт ч үгүй нэг өрх түрүүлж олон байр аваад байгаа учраас өрхөд нэг л удаа ипотекийн зээл олгох байдлаар зохицуулбал Монголчууд бүгд орон сууцанд орох боломжтой" гэлээ.
ВИДЕО: