Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын Ерөнхийлөгч, хатагтай Л.Саянсын Монгол Улс дахь албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Зочныг дагалдан тус улсын Сенатын танхимын 6-7 гишүүн, албаны олон хүн яваа юм. Энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр орны харилцаа шинэ түвшинд гарах чухал нөлөөтэй. Төрийн ордонд өчигдөр /2024.10.16/ болсон хэлэлцээрийн үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төслүүдийг бүх талаар дэмжиж, саадгүй үргэлжлүүлэхэд анхаарна гэдгээ Сенатын Ерөнхийлөгч, хатагтай Л.Саянсын амласан. Өнөө өглөө тэрбээр Монголд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзсан бол одоо 12.00 цагт чуулганы танхимд морилж, манай парламентын үйл ажиллагаатай танилцаад үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах юм.
Мөн тэрбээр Баянхошуунд хоёр айлд зочлохоор төлөвлөжээ. Тодруулбал, Австралийн Холбооны Улсын Элчин сайдын яамнаас Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй "Эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр"-т хамрагдсан эмэгтэйчүүдтэй уулзах аж.