"НИТХ-ын сонгуульд АН-ын нэр дэвшүүлэлт муу байсан" гэж Н.Ганибал хэлээд УИХ-ын гишүүн Х.Баттулгатай муудалцжээ

"НИТХ-ын сонгуульд АН-ын нэр дэвшүүлэлт муу байсан" гэж Н.Ганибал хэлээд УИХ-ын гишүүн Х.Баттулгатай муудалцжээ

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал өчигдөр /2024.10.14/ төрийн ордонд болсон. Энэ хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нарын дунд багагүй маргаан болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, АН-ын бүлгийн хурлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны сонгуулийн үр дүнг хэлэлцсэн байна. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, "НИТХ-ын сонгуульд нийслэлийн АН-ын хорооны нэр дэвшүүлэлт муу байсан нь ялагдалд хүргэсэн. Гэтэл хөдөө орон нутагт АН ингэж ялагдаагүй" гэсэн утгатай байр суурийг илэрхийлсэн байна. 

Гэтэл үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Баттулга, "НИТХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэлт муу байлаа гэж чи намайг хэллээ" гэсэн байна. Харин Н.Ганибал УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандаж, "чамаар ажлаа заалгахгүй" гэсэн утгатай үгийг хэлжээ. 

Сонирхуулахад, энэ удаагийн НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн 44 хүний 30 орчим нь Х.Баттулгатай холбоо, хамааралтай хүмүүс байсан юм. Тодруулбал. Баянгол дүүрэгт Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Б.Оргилбат нэр дэвшсэн бол Сонгинохайрхан дүүрэгт Х.Баттулгын эзэмшдэг “Мах импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “Хиам консервийн үйлдвэр” компанийн захирал Б.Бадмаа мөн Х.Баттулгын эзэмшдэг “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нарын хүмүүс нэр дэвшээд ялагдсан юм.