О.Сийлэгмаа: Боловсролын сангаас зээл авсан 13 мянган иргэний 14.1 тэрбумын зээл төлөгдөөгүй байна /ВИДЕО/

О.Сийлэгмаа: Боловсролын сангаас зээл авсан 13 мянган иргэний 14.1 тэрбумын зээл төлөгдөөгүй байна /ВИДЕО/

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2024.10.15/ хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөөгүй хэдэн иргэн байгаа талаар албаны хүмүүсээс тодрууллаа. 

ВИДЕО: 

Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр "Зээлийн эргэн төлөлт сайжирсан. 13 тэрбум төгрөгийг өнгөрсөн жил төлсөн. Гэхдээ цаашид зээлийн сангийн журмыг өөрчилж, зээлээс чөлөөлөх бодлогыг нарийвчлах шаардлагатай гэсэн бодлогыг барьж байгаа" гэлээ. 

Харин Боловсролын яамны Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа " Хөнгөлөлттэй зээл буюу 1993-2016 он хүртэлх хугацаанд олгогдсон 13 мянган иргэний 14.1 тэрбум төгрөгийн зээл яг өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд Үндэсний аудитын газрын актад дурдагдсан зээлүүдээс 2024 оны байдлаар нийтдээ 2 тэрбум төгрөгийн зээл тэглэгдсэн байна. Гадаадад суралцагчдын 1427 суралцагчийн 227 тэрбумын зээл байна. Энэ зээлийн өрийг барагдуулах асуудлаар улсын мэргэжлийн байгууллагууд буюу Монгол банк, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар зэрэг байгууллагатай мэдээлэл солилцоод хамтраад явж байна" гэлээ.