П.Ганзориг: Бид цаашдаа орон нутгийн сонгуулийг мажоритар бус холимог тогтолцоогоор явуулдаг болохын төлөө ажиллана

П.Ганзориг: Бид цаашдаа орон нутгийн сонгуулийг мажоритар бус холимог тогтолцоогоор явуулдаг болохын төлөө ажиллана

Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан ХҮН намаас өнөөдөр /2024.10.14/ мэдээлэл хийлээ.

ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг, "ХҮН нам нь энэ удаагийн орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэл, сум дүүрэгт нийт 400 орчим төлөөллүүдээ нэр дэвшүүлж, 310 мянга орчим саналыг авсан байна. Сонгуулийн үр дүнгээр Архангай, Сэлэнгэ, Эрдэнэт аймгуудад төлөөллүүд сонгогдсон. Сонгуулийн үр дүнгээс тодорхой хоёр зүйлийг харж болно. Нэгдүгээрт, МАН иргэдийн 50 орчим хувийн саналыг авсан ч 45 төлөөллийн 90 хувь нь тус намаас сонгогдсон. Энэ бол 100 хувь мажоритар тогтолцоогоор сонгууль явж буйн гажуудал юм. Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд УИХ-ын парламентийн сонгуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах гэж хичээж ажилласны үр дүнд холимог тогтолцоог оруулж ирсэн. Ингэснээр парламентад таван намын төлөөлөл бий болсон. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдэж холимог тогтолцоогоор УИХ-ын сонгууль явагдаагүй бол орон нутгийн сонгууль шиг үр дүн гарах байсан. Иймд цаашдаа орон нутгийн сонгуулийн тогтолцоог ч өөрчлөх шаардлагатай байна гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа.

Хоёрдугаарт, орон нутгийн сонгууль түүхэнд байгаагүй бага ирцтэй байлаа. Улаанбаатарын сонгогчдын ирц 42 хувьтай буюу нийт санал өгөх ёстой иргэдийн 60 хувь нь сонгуульдаа оролцсонгүй. Энэ бол ардчилсан улсын сонгуульд байж болшгүй үзэгдэл. Иймд ХҮН намынхан цаашдаа УИХ-д байгаа төлөөллүүд болон намынхаа хэмжээнд орон нутгийн сонгуульд пропорцеональ тогтолцоо оруулах асуудалд манлайлж ажиллана.

Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа, "Харамсалтай нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд хотыг хөгжүүлэх бодлогын мэтгэлцээн болсонгүй. Гурван зүйлийг онцлон хэлмээр байна. Нэгдүгээрт ХҮН намын нэр дэвшигчид хамгийн шударгаар өрсөлдсөн. Иргэд маань амьдарч буй орчин нөхцөлдөө дүн тавих болов уу гэсэн хүлээлттэй байсан. Гэхдээ үүнд сонгогчид буруугүй. Тиймээс цаашдаа дотоод болон гадаад хүчин зүйлээ сайжруулахалд чиглэн ажиллана" гэлээ.