Засгийн газрын сайд нар сонгуульдаж дууссан тул УИХ-ын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж 2024 оны төсвийг хэлэлцэж эхлэх нь

Засгийн газрын сайд нар сонгуульдаж дууссан тул УИХ-ын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж 2024 оны төсвийг хэлэлцэж эхлэх нь

Анхны 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит намрын чуулган эхлээд долоо ч хоноогүй байтал ирц хүрэхгүй зүдэрч, улмаар УИХ дахь МАН-ын бүлэг "2025 оны төсвийн төсөл"-өөр ажлын тав хоногийн завсарлага авсан.

Уг завсарлагын хугацаа өнгөрсөн баасан гарагт дуусч, өнөөдрөөс УИХ дахь намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдааны үйл ажиллагаа жигдрэх нь. Тамгын газраас товлосны дагуу бол өнөөдөр намын бүлэг, ажлын хэсгээс гадна Эдийн засгийн байнгын хороо хуралдаж "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх нь. 

Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай ЭНД дарж танилцана уу. Хоёр долоо хоногийн өмнө хангалттай ирцтэй хуралдаж чадаагүй шалтгаан нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль юм. Учир нь сайд болон УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, намынхаа сонгуулийн сурталчилгааг хийгээд завгүй байв. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт /2024.10.11/ орон нутгийн сонгууль дууссан учир одоо УИХ-ын гишүүдийн ирц өндөр, идэвх сайн байж ирэх оны төсвөө хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна. Угтаа бол төсвийг 11 сарын 15-ны батлах хуулийн зохицуулалттай. Гэтэл төсөв батлах чухал асуудлыг долоо хоног цалгардуулаад явчихсан. УИХ-ын дарга нь аргаа барахдаа гишүүдийг хуралдаа суух үүрэгтэйг сануулаад сайд нарыг дуудахыг ЗГХЭГ-т анхааруулсан. Өнгөрсөн өдрүүдийн чуулганы хуралдаан 67 гишүүн буюу 53 хувийн ирцтэй эхлээд явцын дунд 30 гаруй хүн л асуулт асууж, үг хэлж байв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хуралдаан тасалсан гишүүдийн мэдээллийг Тамгын газраас өдөр бүр хэвлэл мэдээллээр мэдээлэх хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийн ажлаар 20 гаруй гишүүн хөдөө орон нутагт ажиллахаар чөлөө хүссэн ч албан ёсоор чөлөө олгоогүй. Чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Гишүүд, сайд нар хариуцлагатай баймаар байна. Долоо хоногт хоёрхон удаа хуралдаж байгаа чуулганд зарим гишүүн цагтаа ирэхгүй байна. Иймд УИХ-ын Тамгын газар хэн хэдэн цагт ирэв гэдгийг тойргийн сонгогчдод нь мэдээлж байх  үүргийг өгч байна” гэсэн юм.

Улсын төсвийг нийт дөрвөн шатны хэлэлцүүлгээр хийх бөгөөд улсын төсвийг батласны дараа араас нь аймаг, нийслэлийн ИТХ хуралдаж, төсвөө баталдаг. Энэ дагуу ирэх оныхоо нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр баталсан төсвийн дагуу цалин, тэтгэврээ өгч, албан байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа эхэлдэг.

Гэтэл Засгийн газрын сайд нар нь сонгуульдаж алга болон аймаг, орон нутгийн төсвийн хэлэлцэх хугацаанаас хумсалсан юм. 

Улсын ажлаа марттал улс төрждөгийн жишээ энэ. Өнгөрсөн хэд хоногийн чуулганы хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар л Засгийн газраа төлөөлөн оролцож, гишүүдийн асуултад хариулсан юм. Энэ долоо хоногт Засгийн газрын төсвийн төслийг хэлэлцэх шатанд хариуцлагатай байхыг олон нийтийн зүгээс хүсч байна. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө