"Нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогджээ

"Нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогджээ

Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өчигдөр /2024.10.11/ болж өндөрлөсөн. Энэ удаагийн сонгуулиар АН долоон аймаг, нэг дүүрэг, 150 суманд ялсан нь тодорхой болоод байна.

Тодруулбал, энэ удаагийн ИТХ-ын сонгуульд АН-ын нэр дэвшигчид Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий гэсэн долоон аймагт ялалт байгуулж, олонх болсон байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн ИТХ-ын 35 мандатаас АН 21 суудал, МАН 13 суудал, бие даагч нэг суудал авсан байгаа юм. 

Тэгвэл "нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн АТГ-аас мэдээлж байсан Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан байна.

Сонирхуулахад,  Х.Мандахбаяр 2021 оноос эхлээд гэнэт л толгой баяны “дүр”-д орж, хотын хойд, урд захад хаус хотхон, хороолол барьж эхэлсэн. Х.Мандахбаярын “Эрхэт монгол групп” ХХК дангаараа 500 айлын “Гранд маршал” тансаг зэрэглэлийн хотхон, 600 айлын “Сити резиденс” хотхон барьж эхэлсэн байдаг. Гэтэл өдгөө эдгээр барилгуудын ихэнх нь ашиглалтад ороогүй байгаа бөгөөд захиалга өгсөн иргэд Х.Мандахбаярт залилуулсан байж болзошгүй байгаа юм. Харин Х.Мандахбаяр орон сууц, хаусны хотхонуудаа нүүрсний хулгайн мөнгөөр санхүүжүүлсэн, “мөнгө угааж” байгаа юу гэдэг ноцтой асуулт гарч ирж байгаа талаар Ergelt.mn сайт мэдээлж байжээ.