Орон нутгийн сонгуулийг "Ирцийн босго"-гүй болгон хуулийг нь өөрчилсөн тул Дархан, Орхон, Улаанбаатарт сонгогчдын ирц 40 хувийг шүргэсэн ч МАН-ыг ялсанд тооцлоо

Орон нутгийн сонгуулийг "Ирцийн босго"-гүй болгон хуулийг нь өөрчилсөн тул Дархан, Орхон, Улаанбаатарт сонгогчдын ирц 40 хувийг шүргэсэн ч МАН-ыг ялсанд тооцлоо

Аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр /2024.10.11/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар МАН 14 аймагт ялалт байгуулж, Нийслэлийн иргэдийн хуралд 40 суудал авч, Сүхбаатараас бусад найман дүүрэгт нь ялалт байгуулсан гэж мэдэгдлээ. Харин урьдчилсан байдлаар АН найман аймаг, нэг дүүрэг, 150 сумын ИТХ-ын хуралд олонх болсон бол ХҮН нам нэг ч суудал авч чадахгүй ялагдаад байна. 

ВИДЕО:  МАН орон нутгийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа

-СОНГУУЛИЙН ИРЦ ӨНДӨР БАЙГАА ТОЙРОГТ АН ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ-

Орон нутгийн сонгуулийн дээрх үр дүн бол "сонгогчдын ирц"-тэй шууд холбоотой байж магадгүй юм. Учир нь өмнөх ИТХ-ын сонгуулиар сонгогчдын ирц арай гэж 50 хувийн босго давдаг байв. Тодруулбал, 2009 оны ИТХ-ын ээлжит сонгуулийн ирц 59 хувь, 2012 оны ИТХ-ын сонгуулийн 53 хувь, 2016 оны ирц 60 хувь, 2020 оны ирц 56 хувьд хүрч байжээ. Харин 2024 оны ИТХ-ын сонгууль улс орон даяар 53.1 хувийн ирцтэй өндөрлөв. 

Үүнээс хамгийн өндөр ирцтэй нь Баян-Өлгий аймаг 76.3 хувь, Сүхбаатар аймаг 72.6 хувь, Завхан аймаг 71.8 хувийн ирцтэйгээр тэргүүлжээ. Харин Орхон аймгийн сонгуулийн ирц 48.7 хувь, Дархан-Уул аймаг 46 хувь, Улаанбаатар хот 42.3 хувь буюу “50 хувьд хүрч чадаагүй” байгаа юм. Хачирхалтай нь, сонгуулийн ирц өндөр байсан аймгуудад АН ялалт байгуулжээ. Урьдчилсан дүнгээр Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн ИТХ-д АН-ын гишүүд олонх болж, ялалт байгуулжээ.

“Чөлөөт ардчилсан сонгууль”-ийн зарчмаар бол сонгогчдын ирц 50 хувьд хүрч чадаагүй аймаг, дүүрэг, нийслэлд ИТХ-ын сонгуулийг дахин явуулах ёстой.

2024 оны ИТХ-ын сонгуулийн ирцийн мэдээ. Эх сурвалж: СЕХ

Тэгвэл УИХ-ын сонгуулийн ирцийг 50+ хувиар хүчинтэйд тооцдог бол орон нутгийн ИТХ-ын сонгуулийн “ирцийн босго”-ыг эрх баригчид 2020 онд авч хаясан байна. Товчхондоо, орон нутгийн сонгуульд “ирцийн босго” тавихгүй болгож сонгогчдын ирц хэдэн хувь байхаас үл хамааран ИТХ-ын сонгуулийн үр дүнг хүчин төгөлдөрт тооцдог болгон хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр “чимээгүй” өөрчилсөн байна. Учир нь өмнөх ИТХ-ын сонгуулиар тухайн тойрогт сонгогчдын ирц 50+ хувьд хүрээгүй тохиолдолд 7 хоногийн дараа нэмэлт санал хураалт явуулдаг байсан юм.

-ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД “ИРЦИЙН БОСГО” БАЙХГҮЙ БОЛГОН ХУУЛИЙГ ЧИМЭЭГҮЙ ӨӨРЧИЛЖЭЭ-

2020 онд батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 4.8-д “Орон нутгийн Хурлын сонгууль олонхын /мажоритар/ тогтолцоотой байна” гэж заажээ. Сонгуулийн мажоритар тогтолцоо бол энгийн олонх буюу 50+ хувийн зарчим юм. Гэтэл орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дахин санал хураалтыг зөвхөн “нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд” явуулна гэж хуульд оруулсан байна. Тодруулбал, мөн хуулийн 4.9.1-д “нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт” явуулна гэжээ.

Харин ИТХ-ын сонгуульд “ирцийн 50+ хувийн босго” тавихгүйгээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхдөө, “тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана” гэж хуулийг 2020 оны нэгдүгээр сард өөрчилжээ.

Тодруулбал. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 73.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана” гэжээ. Ингээд мөн хуулийн 73.2-д “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно” гэж тусгажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Ингээд орон нутгийн ИТХ-ын сонгуульд “ирц босго” байхгүй болсноор холбогдох төрийн байгууллагууд ч иргэдийн сонгуулийн идэвхэд анхаарахгүй болсон байж магадгүй юм. Харин 2020 онд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуульд өөрчлөлт орж, орон нутгийн сонгууль “ирцийн босго”-гүй болоход УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж МАН парламентад 65 суудалтай байсан юм.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө