Make up artist П.Мандухай: Сувилагчаас Суданд очиж энхийг сахиулахдаа артист болж бусдад шинэ дүр төрх бэлэглэнэ гэж бодож байсангүй

Make up artist П.Мандухай: Сувилагчаас Суданд очиж энхийг сахиулахдаа артист болж бусдад шинэ дүр төрх бэлэглэнэ гэж бодож байсангүй

Make up artist Maggie гэх нэрээр нь охид бүсгүйчүүдийн сайн мэдэх нүүр будагч П.Мандухай гэх бүсгүйг бид энэ удаагийнхаа Social ID буландаа урьж ярилцлаа. Түүний хувьд сувилагч мэргэжлийг эзэмшиж, энхийг сахиулах ажиллагаанд хүртэл явж байсан ч өөрийн сонирхлоороо нүүр будагч болж, одоогийн карьераа бий болгожээ. 

ВИДЕО:

-БУСДАД ХҮССЭН ТӨРХИЙГ НЬ ӨГНӨ ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ-

-Та сувилагч бүр батлан хамгаалах салбарт ажиллаж байгаад Make up artist болсон. Энэ мэргэжлийн юу нь таныг урвуулж чадав? 

Make up artist нь маш гайхалтай мэргэжил. Үйлчлүүлэгч маань ямар дүр төрхийг хүсч байна түүнийг нь цагийн дотор л тэр хүнд өгч чаддаг агуу мэргэжил. Жишээ нь, энхрий ялдам, хүчтэй, халуухан гээд хүссэн төрхийг нь биелүүлэх боломжтой юм. Мэдлэг мэргэжил эзэмшээгүй, боловсролгүй хүмүүс л богино хугацааны сургалтад суугаад make up, manicure, үсчин хийдэг гэж хүмүүс ойлгодог юм билээ. Би нэг удаа өөрийн цахим хуудаст боловсролын системтэй холбоотой пост оруулсан. Гэтэл пост дор "Чи ярих юмаа ярь. Нэг их боловсролтой юм шиг" гэж хэд, хэдэн хүн сэтгэгдэл бичсэн байсан. Гэвч одоо миний ажиллаж буй энэ салбарт олон төрлийн хүмүүс ажиллаж байна. Эцэстээ тухайн хүний сонирхлын л асуудал байдаг.

Миний хувьд дөрвөн жил их сургуульд сураад тухайн мэргэжлээрээ ажиллаж байх явцдаа өөрийнхөө дуртай зүйлийг олж илрүүлж, хүмүүст инээмсэглэл бэлэглээд явж байна.

-10 орчим жилийн өмнө сувилахуйн арга зүйчээр бакалавраа хамгаалж сургуулиа төгсөж байлаа. Тухайн үед зорилгоо ч мэддэггүй байхад аав маань намайг цэргийн эмнэлэгт ажилд оруулсан. Цэргийн эмнэлэгт ажиллаж байтал надтай хамт ажиллаж байсан эмч маань нэг өдөр цэргийн хувцастай явж байхыг нь хараад гайхаж, "Энэ хүн эмч биз дээ. Бас цэргийн хүн юм уу" гээд асуусан. Тэр хүнийг хос тангарагтай гэдгийг нь сонсоод "Ямар гоё юм бэ ерөөсөө л цэргийн хүн болно" гэж анхныхаа зорилгыг тодорхойлж байжээ. Тэгээд цэргийн хувцсаа өмсөөд 45 хоногийн хээрийн бэлтгэлд гарч маш их зүйлийг мэдэрсэн. Тэр үед би "Хэзээ нэг цагт ээж болохоороо хүүхдүүддээ ярих зүйлтэй байна" гэж бодоод яасан ч байсан ч энхийг сахиулах ажиллагаанд явахаар зорилго тавин хичээж эхэлсэн.

-СУДАНД ЯС НЬ ГАРААД ИРСЭН ТУРАНХАЙ ХҮҮХДҮҮД, ШАРХ НЬ ӨТӨНД ИДЭГДСЭН ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛЖ БАЙСАН-

-Тэгэхээр make up artist болохоос өмнө та өчнөөн адал, явдлыг туулжээ? 

Бүгд Найрамдах Хойд Судан улсад 2017-2018 онд хүртэл энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан. Бидний хувьд нэг жил явах ёстой байсан ч жил зургаан сарын хугацаанд байж түүхэндээ хамгийн удаан хугацаанд үүрэг гүйцэтгэсэн анги болж байлаа. Мөн тус ажиллагаанд 68 хүн явах ёстой байсан ч 100 хүн бэлтгэл хийж байсан болохоор өвдөх ч эрхгүй асар их өрсөлдөөнтэй  ажилласан. Тухайн үед би хамгийн залуу эмэгтэй албан хаагч бөгөөд  турьхан жаахан охин байсан.  15 кг ачаа  үүрээд 30 км замыг  гурван удаа туулж, зорилгогүй байсан хүн чинь жилийн дараа бахархал гээд ярьдаг болсон юм.

-Энхийг сахиулах ажиллагаанд явна гэдэг нь хэр баргийн эмэгтэй хүний хийж чадах ажил биш байх. тухайн  үед болж байсан сэтгэлд хоногшсон мартагддаггүй үйл явдлаасаа хуваалцвал ?

-Анх очсон өдөр гэнэт буун дуу гарч, буудалцаан дэлбэрэлт болж "Би хаана, юунд ирчих вээ. Надад амьд явах баталгаа байна уу" гэсэн сэтгэгдэл төрж байсан. Манайх бол НҮБ-ын ажилчдыг болон иргэдийг эмчлэх үүрэгтэй эмнэлгийн цэргийн баг болохоор мэдээж хэд хоноод орон нутгийн хүмүүсээ эмчилж эхэлсэн.

Тэгэхэд маш их тураад хэрзийгээд яс нь гараад ирчихсэн хүүхдүүд, шарх нь бүр өтөнд идэгдчихсэн хүмүүс,  20, 30 кг ачаа үүрсэн хэрнээ хүүхдээ давхар тэврээд, толгой дээрээ юм тавьчхаад явж буй эмэгтэйчүүд гээд олон аймшигтай нүд халтирмаар үзэгдлүүдтэй таарч байсан.

Тэр үед  Монгол орондоо төрж өсөн амьдарч байгаадаа үнэхээр баярлаж билээ. Ямартай ч амжилттайгаар энхийг сахиулах ажлаа дуусгаад ирсэн. 

-Тэр үе хэдэн он бэ? 

-Ажиллагаа дуусаад эх орондоо ирээд цэргийн албандаа үргэлжлүүлэн ажиллаж байсан. Цэргийн салбарт ажиллахад байнга дүрэмт хувцастай, хумс хуруугаа гоё ганган болгох боломжгүй байдаг. Яг тэр үед инстаграмт ид танигдаж байсан гоё эмэгтэйчүүдийг хараад өөртэйгөө харьцуулж эхэлсэн. 

Нүүрээ будаж сурахаар сургалтад ч суусан. Тэр үед өөрийгөө маш олон төрлөөр хараад нэгхэн цагийн дотор хүнийг ингэж өөрчилж байгаад нь маш их гайхширсан. Тэр үед би яг энд байх ёстой юм байна гээд make up гэдэг зүйлд ямар ч эргэлзээгүйгээр  дурлачихсан.

-  Одоо та энэ салбартаа ямар амбиц, мөрөөдөлтэй ажиллаж байна? 

- Одоогоос гурван жилийн өмнө нэгэн эмэгтэй "Намайг хамгийн үзэсгэлэнтэй нь мөртлөө, хүчирхэг болгоод өг" гэж хэлсээр үүдээр орж ирсэн. Гэтэл тэр эгч нөхрөөсөө салахаар сүүлийн удаа уулзах гэж байсан юм билээ. Надад маш их итгэж ирсэн  болохоор алдах эрх үнэхээр байгаагүй. Тухайн үед гар салгалаад маш их сандарч байсан. Энэ дурсамж хэзээ ч мартагддаггүй юм. Мөн аль болох олон улс руу явж суралцан илүү их эмэгтэйд инээмсэглэл бэлэглэхийг хамгийн ойрын зорилгоо болгоод явж байна. Баярлалаа.