30 жилийн турш цагдаагийн мөрдлөгөөс зугтаж амьдарсныхаа дараа баригдсан Денаро шоронд есөн сарыг өнгөрүүлсний эцэст өнгөрсөн оны есдүгээр сард хорт хавдрын улмаас нас барсан юм. Тэгвэл алдар цуутай Коза Ностра мафийн босс Маттео Мессина Денаро агсны төрсөн Сицили арлын Кастелветрано хотын цорын ганц кино театр түүний амьдралыг харуулсан киног гаргахаас татгалзсан аж.
Тодруулбал уг киног аравдугаар сарын 10-нд Итали даяар нээх гэж байгаа. Гэтэл Денарогийн төрөлх хот Кастелветраногийн Маркони театрын эзэн Салваторе Ваккарино уг киног гаргахаас татгалзжсан хариуг хэлсэн аж. Түүний шийдвэрийн талаар орон нутгийн сонин тодруулахад “Энэ киног би сонирхохгүй, надад хамаагүй” гэж товчхон хариулсан байна. Тэрбээр хотын захирагч агсан Антонио Ваккариногийн хүү ажээ. Эцэг Ваккарино 1990-ээд оны үед хар тамхины хэргээр ял эдэлж, Денарог баривчлахаар мөрдөж байсан Италийн нууц албаны өмнөөс мафийн босстой захидлаар харилцаж байсан гэдгээрээ нийтэд танигдсан хүн юм. Дээрх кино энэ түүхийг өгүүлдэг ажээ.
Мөн зарим хүмүүс Ваккариног аавынх нь тухай үйл явдал гардагтай холбоотой киног үзүүлэхээс татгалзсан байх гэж таамаглаж байна. Харин өөр нэг хэсэг нь кинонд Денарог хэтэрхий сөргөөр дүрсэлдэг тул түүний дурсгалыг хүндлэх үүднээс Ваккарино үзүүлэхээс татгалзсан байж болзошгүй гэж дүгнэжээ. Тэгвэл Кастелветрано хотын дарга Жованни Лентини шинэ киног оршин суугчдадаа үзүүлэхийн тулд Ваккариног ятгах бодолтой байгаагаа хэвлэлд ярьсан байна.