"Монгол хаан” жүжиг ирэх сард Ази тивд албан ёсоор хөшгөө нээж, Сингапурт нээлтээ толилуулах гэж байна. Тус жүжиг цаашлаад Ази, Европ, Австрали тивүүдээр аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. Сингапурт тоглох “Монгол хаан” жүжигт МУГЖ Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, У.Уранчимэг, Ш.Доржсүрэн, О.Дөлгөөн зэрэг үндсэн жүжигчид нь тоглоно. Харин тус жүжиг англи хэлээр тоглох олон улсын уран бүтээлчдийн багаа албан ёсоор зарлалаа.
Арчуг хааны дүрийг “Мулан”, “Golden Boy” зэрэг киноны гол дүрээрээ алдаршсан, тулааны урлагийн кинонуудад түлхүү тоглож байсан Холливүүдийн жүжигчин Рун Юан бүтээх ажээ. Тэрээр 18 настай байхаасаа Жимми Никерсон, Хонконгийн домогт жүжигчид Юэнь Так, Кори Юань, Саммо Хун нарын удирдлагаар кино жүжигчний замналаа эхэлжээ. Түүний хувьд аction болон drama төрөлд аль алинд нь асар туршлагатай жүжигчин юм. Түүний найруулсан Blade of the 47 Ronin цуврал нь үзэлтээрээ тэргүүлсэн Нетфликсийн топ 3 цувралд эрэмбэлэгджээ.
1991 оноос кино урлагт хөл тавьсан тэрээр Prison Break, CSI: NY, 24, Burn Notice, NCIS: Los Angeles, Pushing Daisies, Entourage зэрэг хит цувралуудад тоглосон. Рун Юань Нетфликсийн “Марко Поло” кинонд Хубилай хааны авга ах Наян жанжны дүрийг бүтээжээ. Рун Юань мөн Star Wars: The Old Republic, Mortal Kombat 11 зэрэг видео тоглоомуудад дуу оруулсан байна.
“Монгол хаан” жүжгийн Эгэрэг жанжны дүрд Hawai Five-0, John Wick зэрэг цувралуудаараа дэлхийн үзэгчдэд танигдсан, Филлипин гаралтай Холливүүдийн жүжигчин, тулааны урлагийн мастер Марк Дэкаскос тоглохоор болсон байна. Түүний хувьд Only the Strong (1993), Crying Freeman (1995), Brotherhood of the Wolf (2001), Cradle 2 the Grave (2003), Nomad (2005), John Wick: Chapter 3 – Parabellum (2019) зэрэг цувралаараа дэлхийд алдаршсан жүжигчин юм.
Тэрээр “Монгол хаан” жүжигт тоглох болсон тухайгаа ярилцлага өгөхдөө, “Энэ дүр бол миний хувьд томоохон сорилт байх болно. Мөн Монголын аугаа түүхийг бүрэн мэдэрч, маш дотортой жүжиглэх шаардлагатай болж байна гэж харлаа. Надад энэ дүрийг бүтээх талаар өөрийн гэсэн санаа байгаа. Өөрийн гэсэн санаан дээр маш сайн ажиллаж, энэ дүрийг бүтээнэ гэж бодож байна даа.”
Хан хөвгүүн Ачирын дүрд The Blacklist, Marco Polo, Bosch зэрэг олон улсын өндөр үзэлттэй кино цувралын дүрүүдээрээ алдаршсан, Холливүүдийн жүжигчин, продюсер, дуу оруулагч, визуал артист, тулааны урлагийн мастер Леонард Ү тоглохоор болжээ. Леонардын хувьд 2019 онд Роберт Родригес, Жэймс Камерун нарын найруулсан Alita кинонд ажилласан юм.
Тэрээр хамгийн сүүлд Диснейн бүтээсэн American born Chinese кинонд Мишел Ёо нартай хамтран тогложээ. Видео тоглоомын ертөнцөд түүний ажилласан Ghost of Tsushima нь 31 номинац, 28 шагнал хүртэж, 10 саяас дээш хувь зарагдсан байна. Леонард Ү тай бокс, күнфү, ушугаар хичээллэдэг.
Леонард ярилцлага өгөхдөө, “нэг өдөр Рон над руу утсаар яриад, “Монгол хаан гээд нэг ийм төсөл байна. чи тоглох уу” гээд л шууд санал тавьсан. Түүний саналыг хүлээж аваад, маргааш нь л би онгоцонд суугаад Монголд ирсэн дээ.” гэжээ.
Арчуг хааны их хатан Цэцэрийн дүрд тоглох А.Баярцэцэг нь Английн Эзэн хааны драмын төв сургуульд кино жүжигчний мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Amazon Prime-ийн цуврал “The Power”, Netflix-ийн цуврал “Марко Поло”, Steven Seagal-ийн бүтээсэн “Attrition”, Christopher Coppola-гийн найруулсан “Sacred Blood” зэрэг гадаадын болон Монголын кино уран бүтээлүүдэд гол, туслах дүр бүтээж байсан туршлагатай.
Тэрээр өнгөрсөн онд Лондон хотноо Уэст Эндэд толилуулсан “Монгол хаан” жүжгийн продюсераар ажилласан бол энэ удаа мөн Сингапураас эхлэх Азийн аялалын тоглолтыг продюсерлаж байна.
А.Баярцэцэг дотоодын хийгээд олон улсын хүрээлэн буй орчин, урлаг, нийгмийн бүтээлч төслүүдэд зөвлөхөөр ажиллаж, Miss International, Miss Earth зэрэг дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан. 2021 оноос Холливудын Мэргэжлийн холбооны гишүүн, 2024 онд Монгол Улсын Соёлын элч болжээ.
Арчуг хааны бага хатан Гүргэлийн дүрд жүжигчин О.Дөлгөөн үргэлжлүүлэн тоглоно. О.Дөлгөөн СУИС, АНУ-д Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд жүжигчин болон кино зохиолчоор мастерын зэргийг хамгаалжээ. Тэрээр 2011 оноос кино болон драмын урлагт хөл тавьж, жүжиг, киноны олон дүр бүтээсэн. Түүний хувьд хамгийн сүүлд Узбекистаны бүтээсэн “Төмөр хаан” кинонд Сарай гүнжийн дүрд тогложээ. 2022 оноос “Монгол хаан” жүжгийн Гүргэл хатны дүрд тоглож байна.
Жүжигчин О.Самданпүрэв хан хөвгүүн Хүчирийн дүрд тоглох ажээ. СУИС-ийн төгссөн мэргэжлийн жүжигчин түүний хувьд 2015 оноос тайз, дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүр бүтээж байсан юм. Тэрээр 37-р точка, Ноён эмэгтэй, Өмнөдийг зорих зам, В1 зэрэг кинонуудад тогложээ.