"Apple" компани өнгөрсөн шөнө "iPhone 16" шинэ загвараа танилцууллаа. Уг бүтээгдэхүүн нь дөрвөн өөр хувилбартай бөгөөд урьдчилсан захиалга нь өнөөдөр нээгдэж, есдүгээр сарын 20-нд худалдаалж эхэлнэ.
Энэ удаагийн iPhone загвар хиймэл оюуны "Apple Intelligence" технологийг үйлдлийн системдээ шингээсэн гэдгээрээ онцлог. Үүнээс гадна камерын хувьд нэлээд сайжруулж, шинэ үеийн процессороор тоноглож, шинэ товчтой болжээ. Түүнчлэн iPhone 16 загвар дотроо iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max гэсэн дөрвөн хувилбартай. Үнийн хувьд өмнөх iPhone 15 загвартайгаа ижил байх юм.
Тухайлбал:
- iPhone 16: $799 (128GB), $899 (256GB), $1,099 (512GB)
- iPhone 16 Plus: $899 (128GB), $999 (256GB), $1,199 (512GB)
- iPhone 16 Pro: $999 (128GB), $1,099 (256GB), $1,299 (512GB), $1,499 (1TB)
- iPhone 16 Pro Max: $1,199 (256GB), $1,399 (512GB), $1,599 (1TB)
iPhone 16 ба 16 Plus хувилбарууд нь өмнөх iPhone 15 хувилбаруудтай адил 48MP үндсэн, 12MP хэт өргөн (ultrawide) өнцгийн камертай үйлдвэрлэгдсэн байна.щ Харин iPhone 16 Pro хувилбарын хувьд 48MP үндсэн, 48MP хэт өргөн өнцгийн, 12MP 5X Zoom татдаг камертай болжээ.
Үүнд гол өөрчлөлт нь iPhone 15 Pro хувилбарын 3Х zoom камерыг 5Х zoom болгон нэмэгдүүлсэн байна. Мөн iPhone 16 загварын ultrawide дуран өмнөхөөсөө 2.6 дахин их гэрэл мэдэрдэг болсон тул гэрэл багатай орчинд сайн чанартай зураг буулгах боломжтой болжээ.
iPhone 16 Pro хувилбарууд студийн түвшний дөрвөн микрофоноороо Spatial Audio (орон зайтай дуу авиа) бичих боломжтой болсныг AirPods, Vision Pro зэрэг ийм технологийг дэмждэг төхөөрөмжүүдээр тоглуулах боломжтой болжээ.
2020 онд гарсан iPhone 12 загвараас хойш Apple анх удаа дэлгэцийн хэмжээгээ өөрчилсөн байна.
Гэхдээ зөвхөн iPhone 16 Pro хувилбаруудын дэлгэц томорсон байна. Тухайлбал iPhone 16 Pro өмнөх 15 загварын ижил хувилбарын 6.1 инчээс 6.3 инч болж томорсон бол iPhone 16 Pro Max нь 6.7 инчээс 6.9 инч болж томорчээ. 16 Pro хувилбарууд нь Black, White, Natural, Desert Titanium гэсэн дөрвөн өнгөтэй үйлдвэрлэгдсэн байна.
iPhone 16 загварын бүх хувилбарууд Camera Control нэртэй шинэ физик товчтой болжээ. Уг товчийг нэг дарахад Камер идэвхжиж, хоёр дахиа дарахад зураг авах юм. Бас хоёр дахь удаагаа удаан дарвал дүрс бичлэг хийж эхлэх юм байна. Үүнээс гадна олон янзын үүрэг функцийг давхар агуулах болжээ.