Өнгөрсөн долоодугаар сарын 9-ны өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Ц.Л ажлаасаа гараад хоёр сарын турш сураггүй болсон тухай мэдээлэл цахим сүлжээгээр түгсэн. Тэгвэл түүнийг алга болсон өдрөөс нь ердөө нэг хоногийн дараа буюу долоодугаар сарын 10-нд зэвсэгт хүчний алба хаагч буюу "Г" нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, хутгалж амь насыг нь хохироосон байж магадгүй байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долоодугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад “…амь хохирогч Л-ийг энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр хамт ажилладаг байсан Зэвсэгт хүчний алба хаагч Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон…” байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн явагдаж байгаа аж.