Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоёрдугаар шатны бүртгэл өнөөдрөөс /2024.09.05/ эхэлж байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг хоёр үе шаттай бүртгэж байгаа юм. 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой. Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай. Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.