МУГТ, Олон улсын хэмжээний мастер Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ

МУГТ, Олон улсын хэмжээний мастер Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр /2024.09.02/ БТСУХ-ны ёслол хүндэтгэлийн танхимд МУГТ, Олон Улсын хэмжээний мастер хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр О.Баттулга  “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв. Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход МУГТ, Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, зургаан алтан медаль хүртсэн юм. 

ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд н.Туваандоржийн удирдлага дор анхлан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлснээс өнөөг хүртэл спортоор тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ДАШТ-ээс 27 алт, хоёр мөнгөн медаль, Азийн АШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн байна. Тив, дэлхийн замд цөөн хугацаанд уралдсан түүний медалийн цуглуулгад хүрэл медалиас бусад нь бий. Тэрбээр долоо хоногийн амралтын хоёр өдрөөс бусад өдөр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг тухай хуучилна. Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм байна.