Б.Баялагмаа: ЭЕШ-даа эртнээс бэлдвэл сумын сургуульд сурдаг ч "Ерөнхийлөгчийн тэтгэлэг" авч гадаадад сурах боломжтойг өөрийн биеэр мэдэрлээ

Б.Баялагмаа: ЭЕШ-даа эртнээс бэлдвэл сумын сургуульд сурдаг ч "Ерөнхийлөгчийн тэтгэлэг" авч гадаадад сурах боломжтойг өөрийн биеэр мэдэрлээ

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт 2023 онд тэнцсэн сурагчид гадаадын томоохон их, дээд сургуулиудад суралцахаар эх орноосоо мордож байна. Энэ жилийн хувьд 516 оюутан 16 улсын их, дээд сургуулиудад суралцаж байгаа юм. Харин бид энэ удаа сумын сургуульд сурдаг ч хичээл зүтгэлийнхээ үр дүнд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, маргааш Унгар улсыг зорих гэж буй Б.Баялагмаатай ярилцлаа.

Түүний хувьд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийг амжилттай төгсөж, өнгөрсөн жил МУИС-ийн бэлтгэл хөтөлбөрт нэг жил суралцжээ. Улмаар Унгар Улсад IT чиглэлээр суралцах гэж буй нэгэн. Мөн тэрбээр ЭЕШ-аа Математик, Нийгмийн ухаан, Англи хэл гэсэн гурван хичээлээр амжилттай өгөхдөө 10 дугаар ангиасаа хойш бэлдэж эхэлсэн байна. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Юун түрүүнд “Ерөнхийлөгчийн илгээлт” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанд нь баяр хүргэе. Анх энэ мэдээг сонсоод ямар санагдаж байв?

-2023 онд “Ерөнхийлөгчийн илгээлт” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг хангаж, МУИС-ийн бэлтгэл хөтөлбөрт нэг жилийн хугацаанд явсан.

Энэхүү тэтгэлгийг миний хувьд гурван жил хүлээж, 10 дугаар ангиасаа хойш бэлдэж байсан. Тэтгэлэг авсан тухай мэдээгээ аав, ээждээ хэлэхэд миний өмнөөс үнэхээр их баярласан.

Харин би түүнийг нь харж гайхаад мөн аав ээжийгээ баярлаж байгааг хараад л их баярласан даа. Мөн дээрээс нь намайг бэлтгэсэн багш маань үнэхээр сайн, туршлагатай багш байсан. Бэлдэх матриалуудыг ч маш сайн өгсөн.

-Ер нь хөдөө сайн суралцах боломж, нөхцөл нь хэр бүрдсэн байдаг вэ?

-Хотод сургуультайгаа ойрхон л байхгүй бол түгжрэл болон өөр бусад зүйлд олон цаг үрдэг юм шиг санагддаг. Харин хөдөө орон нутагт тийм асуудал огт байдаггүй. Өөрийгөө л дайчилж чадвал хөдөө орон нутагт ч сайн сурч, тэтгэлэг авах хангалттай бололмж байсан. Гол нь өөрийгөө шахахгүй, тайван, өдөрт багадаа нэг зүйл заавал хийгээд дадал болгочих хэрэгтэй. Гэхдээ бэлтгэлээ эрт эхлэх хэрэгтэй юм байна лээ. Миний хувьд 10 дугаар ангиасаа бэлтгэж эхэлсэн.

-Одоо ямар мэргэжлээр хаана сурах гэж байна?

-Унгар улсад IT чиглэлээр суралцахаар болсон. Маргааш эх орноосоо ниснэ. IT-ээр маш олон төрлийн асуудлыг шийдэж болно гэж харж байгаа.

Манай улсын иргэд хэрэгцээгүй олон зүйлд цагаа үрдэг шүү дээ. Энэ асуудлыг хамгийн түрүүнд шийдэж чадах байх. Мөн шаардлагагүй нөхцөлд оочер дараалал үүсгэж, эд хөрөнгө, цаг хугацаагаа алдаж байдаг. Энэ асуудлыг шийдэхэд миний сонгосон мэргэжил их тус болох юм шиг санагдсан даа.

-Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн хотын сургуулийн хүүхэд гэлтгүй хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ч боломж байгааг харуулж буй тэтгэлэг гэж харж байгаа. Тийм үү?

-Тийм ээ. “Ерөнхийлөгчийн илгээлт” гэдэг тэтгэлэг бол маш том тэтгэлэг. Хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах маш том боломж. Гадаадад суралцах боломжгүй хүүхдүүдэд ч том болломж гарч ирж байгаа. Гаднын соёлыг мэдээд түүнийгээ Монголдоо нутагшуулах боломжууд гарч ирж байгаа учраас үнэхээр баяртай байгаа.

-Ерөнхийлөгч тэтгэлгээ гардуулах үеэрээ юу захиж хэлэв?

-"Сайн сурна шүү" гэж л олон удаа хэлсэн дээ.

-ЭЕШ-даа амжилттай бэлдсэн аргаасаа доод үеийн дүү нартаа хуваалцахгүй юу?

-Одоо хүүхдүүд нэлээн эртнээс бэлдэж эхэлж байгаа байх. Хүнтэй өрсөлдөөд хийхээр илүү хурдан сайжирдаг юм шиг санагдсан. Сая бэлтгэл хөтөлбөртөө ч бас олон сайн хүүхдүүдтэй уулзахад, илүү хичээх ёстой юм байна шүү гэсэн мэдрэмж төрсөн.

-Гаднын улсад очоод юуг хамгийн их санах юм шиг санагдаж байна?

-Хөдөө Баянхонгортоо байж байгаад хотод бэлтгэл хөтөлбөртөө сурах гээд нэг жил болоход гэрээ маш их санасан. Аав, ээжийгээ санасан. Одоо гадаадад дөрвөн жил сураад, гэр орноосоо хол байна гэдэг нь нэлээн том даваа шиг санагдаж байгаа. Гэхдээ зорилго тавьсан байхад болно доо л гэж бодож байна. Яг явах болсон чинь нэлээн тулгамддаг юм байна.  Аав ээж маань намайг хичээлээ хийх боломжийг бүрэн бүрдүүлж өгсөн. Шантарсан үед маань ээж маань тайтгаруулж, урам өгдөг. Мөн бүх зүйлийг зааж сургасан багш нартаа баярлаж байна.