ФОТО: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчид эх орноосоо мордлоо

ФОТО: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчид эх орноосоо мордлоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.

Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их, дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгав.

Тэрбээр хэлсэн үгэндээ, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцаж, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, сурч боловсрохын их хүсэл тэмүүллээр жигүүрлэн эрдмийн их аяндаа мордож буй залууст чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.

Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүсэл тэмүүллээ биелүүлэн, амжилтын буухиагаа ахиулах нь гагцхүү өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарах болно гэдгийг тэмдэглэв.