Өнгөрсөн Баасан гараг буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний “Эрдэнэт” ТӨҮГ-ын Эрчим хүчний цехийн ажилчид архидан согтуурсны улмаас хоорондоо муудалцаж, нэгнийгээ хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тэд Орхон аймгийн төв дэх “Дээдэс” гэх газар орж архи ууцгаасан байна. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн даргын туслах Б хамт ажилладаг Г гэдэг залуутай муудалцаж улмаар нь хэвлийн тус газар нь хутгалан хүнд гэмтээсэн аж.
Б хохирогчтой маргалдангуутаа гарч өөрийн эзэмшлийн автомашинаас хутга авч ирж уг хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байгаа юм. Хохирогч залуу хэргийн газар ухаан алдаж унасан бөгөөд эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт цаг алдалгүй хүргэснээр тусламж авч чаджээ.
Хэрэг үйлдэгч 35 настай Б нь өмнө нь хэд хэдэн согтуугаар танхайрч байсан гэх мэдээлэл байна. Орхон аймгийн Цагдаагийн газраас тавдугаар сарын 27-ны өдөр Эрдэнэт ТӨҮГ-ын Эрчим хүчний цехийн ажилчдаас гэрчийн мэдүүлгийг авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар Б нь батлан даалтад гадуур байцаагдаж байгаа аж. Харин 28 настай хохирогч Г нь яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа аж.