Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн тоо буурахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаараа хохирох, хүүхэд хүчирхийллийн "бай" болох элдэв эрсдэлд орох зэрэг харамсалтай гэмт хэргүүд гарч байна.
Ялангуяа тохойноос өргөж ачлан хүндлэх учиртай эцэг эхийгээ үр хүүхдүүд нь согтуу үедээ зодож гэмтээх хүчирхийлэл байнга шахуу гардаг болоод байгаа нь харамсалтай. Төрсөн хүү нь аавыгаа зодож хөнөөсөн, аав нь хүүгээ хутгалсан, өндөр настай ээжийгээ хүү нь хананд савсан зэрэг аймшигтай хэрэг дуулдаад байна. Тэгвэл өнгөрөгч сард хүү нь ээжийгээ зодсон хэрэг мөн гарчээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны … байрны … тоотод оршин суух 42 настай эрэгтэй Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 77 настай ээжийгээ шалтгаангүйгээр зодож баруун гарыг нь хугаласан хэрэг гараад байна. Энэ тухай дуудлагын ач охин нь “Аав согтуу, эмээг зодоод байна” гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн аж.
Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож, дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм.