Завхан аймагт стандарт бус нүхэн жорлонг буулгах ариутгах ажлыг хийж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Энэхүү ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Орчны бохирдлыг багасгах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх тухай” 2024 оны 02 дугаартай албан даалгаврын хүрээнд хийжээ. Усны нөөцийг хамгаалах болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна.
Тухайлбал Завхан аймгийн төв Улиастай сумын Богд, Чигэстэй гол дагуух эзэнгүй 11 нүхэн жорлонг буулган халдваргүйтгэл хийжээ. Мөн ойр орчмын хог хаягдлыг нь цэвэрлэж ариутгасан байна. Дээрх голуудын хамгаалалтын бүсэд оршдог, хөрс, усны бохирдуулагч эх үүсвэр болж буй түр зориулалтаар ашиглаж байсан нүхэн жорлонг ариутган устгаж, дарж булсан нь олон талын ач холбогдолтой юм.