Вашингтон ДС-д нэгэн эмэгтэйн машин руу буудаж, дараа нь эргэн тойрон дахь хүмүүс рүү буудсан гэх “масерати” маркийн автомашины жолоочийг даваа гарагт 32 жилийн хорих ялаар шийтгэсэн гэж тус мужийн прокурор мэдэгдлээ. Тус хэрэг 2021 оны 5-р сарын 19-ний өдрийн 17:00 цагийн үед гарсан бөгөөд 45 настай Дэвис гэгч этгээд нэгэн эмэгтэйг замын хөдөлгөөнд саад болсон гэх шалтгаанаар машин руу нь бууджээ. Тухайн үед эмэгтэйн машинд 5, 11 настай хүүхдүүд нь байсан гэж албаныхан мэдээлээд байгаа юм.
Хяналтын камерийн бичлэгт, буутай этгээд машинаасаа буун эмэгтэйг машинаа жолоодож явах үед нь буудаж байгаа дүрс үлджээ. Дараа нь тэр зогсоолоос гарахаасаа өмнө өөр хүмүүс рүү буу чиглүүлсэн байна. Гэмт этгээд нийт 13 удаа буудсанаас зургаа нь эмэгтэйн машин руу, долоо нь бусад хүмүүс рүү чиглэсэн ба азаар хүн гэмтэж бэртээгүй байна.
Тангарагтны шүүх 45 настай Дэвисийг бусдын амь насыг хохироох зорилгоор нэг удаа танхайрсан, гурван удаа зэвсэг ашиглан танхайрсан мөн дөрвөн удаа хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаад байна. Түүний өмгөөлөгч Марнитта Л.Кинг хэлэхдээ “Дэвис аль хэдийн давж заалдахаа мэдэгдсэн. Ноён Дэвис өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотлохын төлөө тэмцсээр байх болно” гэж мэдэгджээ.