Өнгөрсөн даваа гарагт УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид нэгдсэн сурталчилгааны самбар дээр мэдээллүүдээ байршуулсан. Тэгвэл шөнө, оройн цагаар нэр дэвшигчдийн зурагт хуудсыг урж, гэмтээсэн тохиолдол гарчээ.
Тодруулбал, өчигдөр шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулсан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны хуудсын иргэн Э урж, гэмтээснийг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж эхэлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 41.11-д “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан зурагт самбарыг гэмтээх, устгахыг хориглоно” гэж заасан ба дээрх хуулийн 80.1-д Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.