АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүү өдгөө 54 настай Хантер Байденыг Делавар мужийн Уилмингтон хотын шүүхийн 12 шүүгч гэмт хэргийн гурван зүйл ангиар буруутгажээ. Ингэснээр тэр бүх цаг үеийн АНУ-ын ерөнхийлөгч нарын хүүхдүүдээс гэмт хэрэгт яллагдсан анхны хүн болж байгаа юм.
Тэрбээр согтууруулах ундаа болон мансууруулах бодисоос хамааралтай байх үедээ галт зэвсэг худалдаж авсан нь хууль зөрчжээ. Хуулиар ийм хамааралтай хүнд галт зэвсэг худалдахыг хориглодог юм. Хантер Байден 2018 онд “Colt Cobra” хийцийн гар буу худалдаж авахдаа бүрдүүлдэг баримт бичигт мансууруулах бодисын хамаарлаа нууцлан худал мэдүүлж байжээ. Хантер Байден үүнээс гадна Калифорни мужид 2016-2019 оны хооронд $1.4 саяын татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт шалгагдаж байгаа юм.
Өчигдөр шүүхээс Хантерт ял оноох шүүх хурлын товыг зарлаагүй байна. Хуулийн дагуу эцсийн шүүх хурлыг яллах дүгнэлт гарснаас хойш 120 хоногийн дотор товлодог ажээ. Шүүх хуралд тэргүүн хатагтай Жилл Байден болон Хантер Байдены эхнэр Мелисса нар оролцсон байна. Хантерын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн бол ерөнхийлөгч Жо Байден шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шүүхийн цаашдын үйл явцад хүндэтгэлтэй хандахаа мэдэгджээ.
Галт зэвсгийн ийм хэрэгт шүүх ихэнхдээ 15-21 сарын хорих ял оноодог ба яллагдагч урьдчилан суллах нөхцөлийг дагаж мөрдвөл хорихгүй өнгөрөх ч боломжтой гэж хуульчид үзэж байна.
Эх сурвалж: Al Jazeera