Украин дахь дайныг зогсоох хэлэлцээрт хүрэх боломж бий гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээнд зуучлахаар ажиллаж буй АНУ-ын төлөөлөгчид тун удахгүй Москва, Киевт айлчилна гэдгийг мэдээлжээ.
Оросын Алс Дорнодод болж буй эдийн засгийн чуулга уулзалтын үеэр В.Путин хэлэхдээ, АНУ, Хятад зэрэг хэд хэдэн улс мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахыг дэмжихэд бэлэн байгааг мэдэгдсэн байна. "Гэсэн хэдий ч эцсийн дүндээ асуудлыг мөргөлдөөнд оролцогч талууд болох Орос, Украин өөрсдөө шийдэх ёстой" гэж тэрбээр хэлээд "мөргөлдөөнийг зогсооход хувь нэмрээ оруулахыг хичээж буй бүх хүнд бид талархаж байна. Мөргөлдөөнийг зогсоох боломж бий гэж бодож байна" гэжээ.
Харин В.Зеленский дүрс бичлэгээр ээлжит мэдэгдэл хийх үеэрээ АНУ-ын төлөөлөгчдийн айлчлалын урьдчилсан тов гарсан талаар мэдээлсэн байна. “АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгчдийг Киевт хүлээн авахаар хүлээж байна” гэж Зеленский мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ-ын төлөөлөгчид Москва, Киевт уулзалт хийх ажээ. “Энэ бол маш чухал. АНУ энэ үйл явцад идэвхтэй оролцсоор байх нь чухал” гэж В.Зеленский онцолсон байна.